
Хүний амьдралын туйлын зөрчилтэй цэгийг уран зохиолын хэлээр шинжиж үзсэн агуу сэтгэгч, оросын их зохиолч Лев Николаевич Толстой энэ өдөр төржээ. Түүний зохиолуудад хайр ба хүсэл тачаал, гэр бүл ба ганцаардал, амьдрал ба үхэл, дайн ба энх тайван, ёс суртахуун ба эрх мэдэл зэрэг эсрэг тэсрэг ойлголтууд зэрэгцдэг. Лев Толстой хүнийг төгс төгөлдөр оршихуй хэмээн бус, өөртэйгөө байнга тэмцэлдэж байдаг зөрчилт ертөнц хэмээн харсан нь түүний уран бүтээлийн онцлог.
АННА КАРЕНИНА
“Анна Каренина” бол Толстойн хамгийн алдартай бүтээлийн нэг. Хүний хүсэл мөрөөдөл нийгмийн ёс суртахуунтай мөргөлдөх үед ямар эмгэнэлт үр дагавар төрдгийг харуулсан хийгээд асар өргөн цар хүрээтэй. Анна Каренина нөхөр, гэр бүл, нийгмийн тогтсон дүрэмд захирагдсан амьдралаас сугарч, өөрийнхөө жинхэнэ хүсэл тэмүүлэл, хайр дурлалыг дагахаар шийддэг. Гэвч түүний сонгосон эрх чөлөө нийгмийн шүүлт, атаархал, эргэлзээ, ганцаардлын дунд улам бүр хүндэрч, эцэстээ эмгэнэлт төгсгөл рүү хөтөлнө.
Толстой Аннаг буруутгахын оронд түүний дотоод ертөнцөд нэвтэрч, хайрлаж, хүсэж, айж, эргэлзэж буй хүний сэтгэлийн хөдөлгөөнийг гайхамшигтай нарийн дүрсэлжээ. Романы хүч зөвхөн Аннагийн түүхэнд бус, түүний эсрэгцэл болсон Левин болон Кити хоёрын амьдралд мөн оршдог. Аннагийн амьдрал улам бүр сүйрэл рүү ойртох тусам Левин амьдралын утга учир, хөдөлмөр, гэр бүл, итгэл үнэмшлээр дамжуулан өөрийн оршихуйн хариуг эрэлхийлнэ. Тус роман бол мөн XIX зууны Оросын нийгмийн асар том хөрөг. Язгууртны хүрээлэл, гэр бүлийн ёс суртахуун, шашин шүтлэг, эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь, гэр бүл салалт, хөдөө аж ахуй, улс төрийн үзэл бодол хүртэл романд бий.
СМЕРТЬ ИВАНА ИЛЬИЧА
1886 онд хэвлэгдсэн “Иван Ильичийн үхэл” бол хүний амьдрал, үхлийн сэдэв бүхий хамгийн хүчтэй бүтээлүүдийн нэг. Гаднаас нь харахад Иван Ильич бол амьдрал нь хэвийн үргэлжилж буй, ажил албан тушаалтай, гэр бүлтэй, нийгэмд зохих байр суурь эзэлсэн жирийн нэгэн түшмэл. Тэр амьдралаа бусдын адил зөв гэж бодож, нийгмийн хүлээлтэд нийцүүлэн зохион байгуулжээ. Гэвч үхэл ойртох мөчид тэр энэ бүхэнд эргэлзэж эхэлдэг.
Толстой энд үхлийг аймшгийн үзэгдэл болгон дүрслэхээс илүүтэйгээр үхэлтэй нүүр тулсан хүний ухамсрын өөрчлөлтийг өгүүлдэг. Иван Ильич өвчиндөө шаналж байхдаа бусдын амьдралын хиймэл байдал, өөрийн амьдралын хуурмаг шинжийг улам тод мэдэрнэ. Хамгийн аймшигтай нь үхэх гэж буй хүнээс хүмүүс зай барьж, түүний үхлийг өөрсдөд нь төвөг учруулж буй мэт хүлээж авна. Ингэснээр Толстой үхлээс илүү аймшигтай зүйл болох амьдралынхаа туршид амьдраагүй байснаа хожим ойлгох тухай өгүүлдэг.
КРЕЙЦЕРОВА СОНАТА
“Крейцерийн сонат” нь гэр бүл, гэрлэлтийн институц, бэлгийн хүсэл, атаархал, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны талаарх хамгийн маргаантай бүтээлүүдийн нэг. Зохиолын гол дүр Позднышев галт тэргэнд, танихгүй хүнд өөрийн амьдралын түүхийг ярьж эхлэх бөгөөд эхнэрийнхээ хөгжимчинтэй харилцах харилцаанд төрсөн хардалт, атаархал нь хэрхэн хүчирхийлэл, аллагад хүрснийг өгүүлдэг. Ингэхдээ Толстой хайр дурлалын романтик төсөөллийн цаана нуугдах эзэмших хүсэл, бэлгийн атаархал, хүний өөрийгөө хуурах сэтгэл зүйг шинжлэнэ.
Бүтээлийн нэр нь Бетховены алдарт “Крейцерийн сонат” бүтээлтэй\ холбоотой. Хөгжим хүний сэтгэлийг ойртуулж, тэдний хооронд үл үзэгдэх холбоо үүсгэхийн зэрэгцээ Позднышевийн төсөөлөлд атаархал, хүсэл тачаалын бэлгэдэл болон хувирна. Толстой гэрлэлт, бэлгийн харилцааны талаар туйлширсан байр суурь илэрхийлдэг нь өдгөө маргаанд цэг тавиагүй хэвээр бөгөөд Позднышевийн үзэл бодлыг зохиолчийн өөрийнх нь үзэлтэй хэр хэмжээнд адилтгаж болох тухай асуудал судлаачдын дунд үргэлжилсээр ирсэн.
ВОЙНА И МИР
“Дайн ба энх” 1869 онд л бүрэн хэвлэгджээ. Толстойн төдийгүй дэлхийн уран зохиолын хамгийн том романуудын нэг. Наполеоны дайны үеийн Орос орныг өргөн хүрээнд дүрслэхдээ Толстой хэд хэдэн язгууртны гэр бүлийн хувь заяаг түүхийн асар том хөдөлгөөнтэй холбон өгүүлдэг. Пьер Безухов, Андрей Болконский, Наташа Ростова зэрэг дүрүүдийн амьдралаар дамжуулан хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө бүтээдэг үү, эсвэл түүхийн асар том хүчний урсгалд автагддаг уу гэх асуултыг тавина.
Толстой Наполеон, Александр I зэрэг түүхэн хүмүүсийг романтик баатрууд болгон өргөмжлөхөөс татгалзаж, түүхийг ганц хүний хүсэл зоригоор тайлбарлах боломжгүй гэж үздэг. Түүний хувьд олон мянган хүний өчүүхэн шийдвэр, хөдөлгөөн, айдас, хүсэл, санамсаргүй тохиолдол нийлж байж түүхийг бүтээдэг. Иймээс дайн бол хаад, жанждын ширээний ард гаргасан шийдвэрээс илүү өргөн хүрээтэй, хүний хяналтаас давсан амьдралын хөдөлгөөн юм.
ХАДЖИ-МУРАТ
Толстойн амьдралын сүүл үеийн бүтээлүүдийн нэг болох “Хаджи-Мурат” нь Кавказын дайны үеийн үйл явдлыг өгүүлэх бэсрэг роман. Зохиолын төвд Чечений домогт дайчин Хаджи-Мурат орших бөгөөд тэр Оросын эзэнт гүрэн болон Кавказын эсэргүүцлийн хөдөлгөөний хооронд хавчуулагдсан хувь тавилантай хүн болон дүрслэгддэг. Толстой түүнийг нэг талын баатар, нөгөө талын дайсан гэж хялбархан ангилдаггүй. Харин эрх чөлөө, нэр төр, гэр бүлээ хамгаалах хүсэл, улс төрийн хүчний дарамтын дунд орших бодит хүн болгон харуулдаг.
Ер нь их зохиолчийн дайны тухай үзэл энд маш хурц хэлбэрээр илэрдэг. Хүний амьдралыг тушаал, улс төрийн ашиг сонирхол, эрх мэдлийн шийдвэр яахин сүйтгэж болохыг зохиолч харуулна. Тэр дайныг сүр жавхлантай баатарлаг үйл явдал болгон чимэхгүй, харин хүний бие, сэтгэл, гэр бүл, хувь заяанд үлдээх шарх хэмээн үздэг. Толстой уг бүтээлдээ байгаль, хүний амьдралын харгислал хоёрын эсрэгцлийг мөн урнаар ашигладаг.