
Иран улс зөвшөөрөлгүй чиглэлээр зорчиж байсан арилжааны хөлөг онгоц руу гал нээж, саатуулсны дараа стратегийн чухал усан зам болох Ормузын хоолойг тодорхойгүй хугацаагаар хааж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Үүний хариуд АНУ-ын зэвсэгт хүчин Ираны байршлуудад шинээр агаарын цохилт өгсөн байна.
Ираны Исламын хувьсгалт гвардийн Тэнгисийн цэргийн флотоос гаргасан мэдэгдэлд, тус усан замын зөвшөөрөлгүй чиглэлээр нэвтрэхийг оролдон, анхааруулгыг үл тоомсорлосон хөлөг онгоцыг зогсоосон хэмээжээ. Иран улс тус хоолойг бүс нутаг дахь АНУ-ын хөндлөнгийн оролцоо дуусгавар болох хүртэл хаалттай байлгахаа мэдэгдээд, аливаа цэргийн ажиллагааны эсрэг хатуу цохилт өгөх болно гэдгийг анхааруулав.
АНУ-ын Төв командлал (CENTCOM) Техраныг Ормузын хоолойгоор дайран өнгөрч байсан Киприйн далбаатай "M/V GFS Galaxy" чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц руу халдсан гэж буруутган, Иранд энэ долоо хоногт гурав дахь шатны цохилтоо өгснөө мэдэгдлээ.
Халдлагын улмаас тус хөлөг онгоцны хөдөлгүүрийн өрөөнд их хэмжээний хохирол учирч, гал гарсан бөгөөд багийн нэг гишүүн сураггүй алга болсон байна. АНУ-ын Төв командлалаас Ерөнхийлөгч Дональд Трампын шууд удирдлага дор Ираны халдлага үйлдэх чадамжийг бууруулах цохилтуудыг үргэлжлүүлэн өгөх болно гэдгээ мэдэгдэв.
Гал зогсоох хэлэлцээр төгсөв
Энэхүү мөргөлдөөн нь тус бүс нутгийн дайныг зогсоох зорилготой байсан түр хугацааны гал зогсоох хэлэлцээрийн ирээдүйг бүрмөсөн үгүй хийлээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээнд “Исламын Бүгд Найрамдах Иран Улс биднээс хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүссэн. Бид зөвшөөрсөн, гэхдээ АНУ-ын зүгээс гал зогсоох хэлэлцээр төгссөн гэдгийг тэдэнд тодорхой мэдэгдсэн!" хэмээн нийтэлсэн байна.
АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, Иран өмнө нь хөлөг онгоцууд руу халдсан явдлыг Хувьсгалт гвардийн дур мэдсэн үйлдэл гэж тайлбарлаж, хоолойг нээлттэй үлдээнэ гэж амлаж байсан ч ийнхүү нөхцөл байдал дахин хурцадлаа.
Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 орчим хувь нь дамждаг Ормузын хоолой хаагдсан нь эрчим хүчний үнийг дахин өсгөж, дэлхийн инфляцыг хөөргөдөн тээвэр логистикийг гацаах гол шалтгаан болоод байна.