Хэдхэн жилийн өмнө гадаад хэлээр чөлөөтэй ярьж, компьютерын хэрэглээний программуудыг гаргууд эзэмшсэн байх нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавихад томоохон давуу талд тооцогддог байв. Харин өнөөдөр хиймэл оюун ухаан секундийн дотор орчуулга хийж, олон хуудас санхүүгийн тайлан боловсруулж, тэр байтугай бидэнд код хүртэл бичиж өгдөг болсон нь ирээдүйд үнэ цэнээ хадгалах мэргэжлийг улам бүр өрсөлдөөнтэй болгож, хөдөлмөрийн зах зээлд тавигдах шалгуурыг урьд өмнөхөөс илүү өндөрсгөх болжээ.
Өнөөдөр зарим оронд жижиг худалдааны төвийн кассаас эхлээд банкны теллер, шатахуун түгээгч, тасалбар борлуулагч зэрэг мэргэжлүүдийн тодорхой хэсгийг технологи хэдийнэ орлоод буй. Үүгээр ч зогсохгүй үйлдвэрлэлийн салбарт бараа бүтээгдэхүүн ангилах, савлах, чанар шалгах, агуулахын ложистик болон угсралтын шат дамжлагын ихэнхийг роботууд хариуцаж байна.
Улмаар энэхүү өөрчлөлт нь боловсролын салбарт хүчтэй нөлөө үзүүлж, ирээдүйд үл орлуулагдах мэргэжлийн эрэлтийг нэмэгдүүлэх болжээ. Энэ хэрээр олон улс сургалтын хөтөлбөрөө шинэчилж, хүүхэд, залуусыг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхэд анхаарч эхлэв.
Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас гаргасан судалгаанд ойрын жилүүдэд өнөөгийн ажлын байранд шаардлагатай ур чадваруудын 40 орчим хувь нь автоматжуулалт болон хиймэл оюун ухааны нөлөөгөөр өөрчлөгдөх эрсдэлтэйг онцолжээ. Тухайлбал, өгөгдөл боловсруулах, тайлан нэгтгэх, орчуулга хийх, хэрэглэгчдэд стандарт мэдээлэл хүргэх зэрэг дүрэмд суурилсан, давтагддаг ажлуудыг ирээдүйд хиймэл оюун ухаан болон автомат системүүд бүрэн орлох төлөвтэй байгаа аж. Харин шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, стратегийн шийдвэр гаргалт шаардсан ажил, мэргэжлийн эрэлт өсөх төлөвтэй байгааг тайланд онцолжээ. Тодруулбал, технологийн хөгжил, хиймэл оюун ухаан, ногоон шилжилтийн нөлөөгөөр ирэх жилүүдэд дараах мэргэжлүүд хамгийн эрэлттэй байх аж.
Үүнд,
• Хиймэл оюун ухаан болон машин сургалтын мэргэжилтэн (AI and Machine Learning Specialist)
• Өгөгдлийн шинжээч (Data Analyst and Scientist)
• Финтек инженер (FinTech Engineer)
• Программ хангамж хөгжүүлэгч (Software and Application Developer)
• Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн (Information Security Analyst)
• Робот техник, автоматжуулалтын инженер (Robotics and Automation Engineer)
• Сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчны инженер (Renewable Energy and Environmental Engineer) зэрэг мэргэжил багтаж буй.
Үүнээс гадна аналитик сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал болон манлайлал зэрэг ур чадваруудыг давхар шаарддаг мэргэжлүүд ажил олгогчдын хамгийн өндрөөр үнэлэх чадваруудын нэгээр нэрлэгджээ.
Иймээс энэхүү өөрчлөлтөд иргэдээ бэлдэхийн тулд Сингапур, Өмнөд Солонгос, Финланд зэрэг орнууд боловсролын тогтолцоогоо эрчимтэй шинэчилж, хүүхэд залуусыг зөвхөн мэдлэгээр бус ирээдүйд эрэлттэй байх ур чадвараар бэлтгэхэд анхаарч байна.
Үүний тод жишээ нь БНХАУ юм. Хятадын Боловсролын яамнаас 2026 оны зургаадугаар сард албан ёсоор мэдээлснээр 2021-2025 оны хооронд хөдөлмөрийн зах зээлийн шинэ хэрэгцээтэй нийцэхгүй болсон 12 мянга гаруй их сургуулийн хөтөлбөрийг бүрмөсөн хасаж, цуцалжээ. Харин үүний оронд хиймэл оюун ухаан, робот техник, хагас дамжуулагч зэрэг стратегийн салбаруудад 10 мянга гаруй шинэ хөтөлбөр нээсэн байна. Мөн “AI + Education Action Plan” бодлогын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрт хиймэл оюуны суурь мэдлэг болон программчлалын хичээлийг үе шаттайгаар нэвтрүүлж, ирээдүйн технологийн өрсөлдөөнд шаардлагатай боловсон хүчнээ багаас нь бэлтгэж эхлээд байгаа аж. Түүнчлэн, Сингапур улс 2023 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиуддаа хиймэл оюун ухааны хэрэглээ, дижитал ур чадварын сургалтыг өргөжүүлж, сурагчдыг зөвхөн шалгалтын оноогоор бус асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх чадвараар нь хөгжүүлэх бодлого баримталж байна. Мөн Финланд улс үзэгдэлд суурилсан сургалтын арга нэвтрүүлж, хүүхдүүдийн асуудал шийдвэрлэх, бие даан сэтгэх чадварыг давхар хөгжүүлэхэд чиглэх болжээ.
Дэлхийн улс орнууд ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвартай иргэдээ бэлтгэхийн тулд боловсролын тогтолцоогоо эрчимтэй шинэчилж байхад манай улсын сургалтын тогтолцоо уламжлалт арга барилаасаа төдийлөн салж чадсангүй.
Өнөөдөр ч олон сургуульд багш хичээлээ тайлбарлаж, сурагчид түүнийг тэмдэглэн авч, шалгалтын өмнө цээжилж давтдаг сургалтын хэв маяг давамгайлсаар байна. Харин дэлхий нийт боловсролын зорилгыг мэдлэг дамжуулахаас мэдлэгийг ашиглах чадвар руу бага багаар шилжүүлж, асуудал шийдвэрлэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бие даан сэтгэх ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч буй.
Энэхүү ялгааг PISA-2022 олон улсын үнэлгээний дүн тодорхой харуулсан билээ. Тус үнэлгээнд оролцсон 81 орноос Монголын сурагчид математикаар 47, байгалийн ухаанаар 53 дугаар байрт орсон бол уншиж ойлгох чадвараараа 65 дугаар байрт эрэмбэлэгдсэн.
Энэ нь сурагчдын текст уншаад гол санааг нь аналитик байдлаар дүгнэх, логик гаргалгаа хийх, уншсан зүйлдээ шүүмжлэлтэй хандах чадвар сул байгааг харуулж буй. Өөрөөр хэлбэл, манай боловсролын тогтолцоо мэдээлэл цээжлүүлэхээс илүүг шаарддаг өнөөгийн хэрэгцээнд бүрэн нийцэж чадахгүй байгааг илтгэж байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Их, дээд сургууль төгсөж байгаа гурван хүүхдийн нэг нь ажлын байртай, хоёр нь ажлын байргүй. Монгол Улсад идэвхтэйгээр ажил хайж буй 20000 залуусын гуравны нэг нь дээд боловсролын дипломтой хэрнээ ажилд орж чадахгүй байна. Ажил олгогч нарын хүсэж байгаа ур чадварыг дээд боловсролын байгууллага хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан. Ойрын 5-8 жилд 38000 инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх хэрэгцээ шаардлага бий ч сайн мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургууль цөөн байна. Хүүхдүүд гадаадад сурахыг хүсэж байгаа нь боловсролын чанартай холбоотой.
Эцэст нь, дижитал эрин боловсролын тогтолцоог өөрчлөх шаардлагыг маргааш бус өнөөдөр тавьж байна. Хэрэв бид сургалтын агуулга, арга барилаа цаг алдалгүй шинэчилж чадахгүй бол төгсөгчдийн эзэмшсэн мэдлэг, хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээний хоорондын зөрүү улам бүр тэлэх биз ээ.