
2026 оны Нобелийн утга зохиолын шагналын эзний нэр тодорсоны дараа Канадын яруу найрагч, эсээч Энн Карсонтой “The Nobel Ptize” сайтын сэтгүүлч Женни Рюден цөөн хором ярилцжээ. Тус ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.
Женни Рюден: - Сайн байна уу? Нобелийн шагналын хорооноос Женни Рюден ярьж байна…
Энн Карсон: - Өө, сайн байна. За, холбогдчихлоо. Яриарай.
Женни Рюден: - За, тун их баярлалаа. Юуны өмнө танд чин сэтгэлээсээ баяр хүргэе!
Энн Карсон: - Баярлалаа. Үнэхээр итгэмээргүй юм.
Женни Рюден: - Та яг одоо ямархуу байна вэ. Энэ мэдээг хэрхэн хүлээж авав. Тухайн үеийнхээ нөхцөл байдлыг бидэнд хэлж өгч болох уу?
Энн Карсон: - Одоохондоо онц, сүржин зүйл болоогүй л байна. Энд өглөө болж байна. Би жигнэмэг идэж, аяга цай ууж сууна. Гал тогооныхоо өрөөнд суугаад “London Review of Books” сэтгүүл уншиж байлаа. Тэгтэл шал шүүрдэх хэрэгтэйг анзаарч, яаран боссон. Гэтэл араас нь утас тасралтгүй хангинаад эхэлсэн. Би ер нь утас дуугарахаар унтраачихдаг зуршилтай. Дуудлага бүрийг л таслаад байлаа.
Роберт Карри: - Би түүний нөхөр нь байна. Танай дугаар луу эргэж залгахад хүргэсэн хүн нь би учраас та надад өртэй шүү!
Энн Карсон: - Тийм ээ, нөхөр маань л утсаа авдаг. Би бол ихэнхдээ унтраачихна. Харин тэр утсаа авуут, дараа нь намайг эргүүлж залгахад хүргэсэн. Энэ бүхэн жаахан солиорол шиг л санагдаж байна. Та нарыг бүгдээрээ галзуурчихсан юм биш үү гэж бодож байна.
Женни Рюден: - Яагаад танд ийм галзуу, итгэмээргүй санагдаж байгаа юм бэ. Та ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй байсан уу?
Энн Карсон: Өө, тэнгэр минь, хэн ер нь ийм зүйл болно гэж төсөөлөх вэ дээ.
Женни Рюден: - Та гэртээ байсан гэж хэллээ. Таны гэр хаана байдаг вэ?
Энн Карсон: - Исландын Рейкьявикт, далайн эрэг дээр байдаг. Цонхоороо Арктикийн зүг харж болно. Уучлаарай, би та бүхний хүссэн шиг сүр дуулиантай, сэтгэл хөдөлгөм зүйл ярьж чадахгүй нь ээ. Энд бол ердийн л нэг өдөр өнгөрч байна.
Женни Рюден: - Нобелийн шагнал таны хувьд ямар утга учиртай талаар бодож амжсан уу?
Энн Карсон: - Үгүй ээ, хараахан бодсонгүй. Бид шагналын мөнгийг хэрхэн бусдад өгөх талаар л бодож сууна. Манай нэг найзад орон байр хэрэгтэй байгаа. Бас бид “Хил хязгааргүй эмч нар” байгууллагад нэлээд хэмжээний хандив үргэлж өгдөг юм. Тиймэрхүү зүйлс л бодогдож байна даа.
Женни Рюден: - Ийм гэнэтийн мэдээг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?
Энн Карсон: - Үнэнийг хэлэхэд, яг одоо бол утсаа дахин дахин авахгүй байхын тулд би ой руу алхахаар явна. Тэгээд нам гүмийг анирдаж, чимээгүй орчинд сууна даа.

Женни Рюден: - Сайхан санаа байна. Одоо таны зохиолчийн замнал, уран бүтээлийн тухай ярилцъя. Таныг төдийлөн сайн мэддэггүй хүнд та өөрийнхөө уран бүтээлийг хэрхэн тодорхойлох вэ?
Энн Карсон: - Санамсаргүйгээр бий болсон. Би үргэлж өөр зүйл хийхийг оролдож байдаг юм.
Женни Рюден: - Таныг сайн мэдэхгүй ч ном, бүтээлүүдтэй тань танилцахыг хүсэж байгаа хүнд хаанаас эхлэхийг зөвлөх вэ?
Энн Карсон: - Мэдэхгүй юм даа. Ер нь хаанаас ч эхэлж болно. Ихэнх хүн миний намтарчилсан бүтээлийг уншдаг. Би өөрөө ч уншиж үзсэн, уншихад боломжийн, хүртээмжтэй санагдсан. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Дундаас нь эхэл гэж би үргэлж хэлдэг.
Женни Рюден: - Эхлэх тухай ярьсных, та шинэ номын ажлаа хэрхэн эхэлдэг вэ. Таны бичих үйл явц ямар байдаг бол?
Энн Карсон: - Дундаас нь эхэл. Энэ бол миний баримталдаг цорын ганц дүрэм.
Женни Рюден: - Яг ямар утгаар хэлж байна вэ?
Энн Карсон: - Хэрхэн ойлгох нь таны хэрэг. Голыг нь олж, тэндээсээ эхэл гэсэн үг.
Женни Рюден: - Танд урам зориг өгдөг, байнга эргэж сөхдөг эх сурвалж бий юу?
Энн Карсон: - Хомер.
Женни Рюден: - Та сонгодог уран зохиол судлалын багш. Мөн эртний домог, түүхүүдийг орчин үетэй холбож бүтээлдээ ашигладаг. Таны бодлоор эдгээр түүх өнөөгийн хүмүүст яагаад хамаатай вэ?
Энн Карсон: - Хамаатай биш шүү дээ. Би аливаа зүйлийг өнөө үед хамааралтай болгох гэж тэгтлээ сонирхдоггүй. Харин бид өөрсдөө тэдгээрт хамаатай байгаасай гэж хүсдэг.
Женни Рюден: - Би таныг уйтгарлахаас, уйтгартай байдалд автахаас зайлсхийх нь чухал гэж хэлж байсныг уншсан. Яагаад тэр вэ?
Энн Карсон: - Ер нь уйдах дуртай хүн гэж байхгүй биз дээ. Та өөрөө уйтгарлахаас зайлсхийдэггүй гэж үү?
Женни Рюден: - Гэхдээ яагаад энэ нь таны хувьд тийм чухал юм бэ?
Энн Карсон: - Үнэндээ тийм ч чухал зүйл биш л дээ. Зүгээр л тухайн өдөр дараа нь юу хийхээ шийдэх нэг сорил юм даа. Шалаа шүүрдэх үү, Хомерыг унших уу гэх мэт. Ихэнхдээ л уйтгарлахаас зайлсхийх тухай асуудал. Амьдрал өөрөө уйтгартай шүү дээ.
Женни Рюден: - Та үнэхээр тэгж бодож байна уу?
Энн Карсон: - Тийм ээ. Тэгэхээр түүнтэй ямар нэг зүйл хий л дээ.
Женни Рюден: - Сайхан зөвлөгөө байна. Харин зохиолч болохыг хүсэж байгаа хүмүүст та ямар нэгэн захиас хэлэх үү?
Энн Карсон: - Үгүй ээ, урьдын л адил, дундаас нь эхэл.
Женни Рюден: - Ард тань утас дуугарах сонстож байна. Цаг гарган ярилцсанд тань маш их баярлалаа. Дахин баяр хүргэе!
Энн Карсон: - Маш их баярлалаа.
Женни Рюден: - За, баяртай.
Энн Карсон: - Баяртай.