
“Айчи Нагоя-2026” Азийн зуны спортын XX наадам нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ. Тодруулбал, ирэх долоо хоногийн бямба гарагт Азийн наадмын наадмын нээлт болсноор бага олимп гэгддэг шар тивийн медальтнууд тодорч зарим төрөлд олимпын эрх олгох юм.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 303 тамирчин өрсөлдөхөөр болсон. Тэдний дунд ах дүүс, эгч дүүс болон болон ихэр тамирчид багтсан нь анхаарал татлаа.
БУУДЛАГЫН АХ ДҮҮС АЗИЙН НААДМЫН ЭХЛЭЛИЙГ ТАВИНА
Азийн наадмын буудлагын тэмцээн эхний өдрүүдэд болдог учир буудагчдын оноо хамгийн их анхаарал татдаг. Гар бууны төрөлд өрсөлдөх гурван эрэгтэй тамирчны хоёр нь төрсөн ах дүүс. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олимпын наадамд өрсөлдөж байсан Э.Даваахүү болон түүний төрсөн ах спортын мастер Э.Бадамгарав нар одоогоос 11 жилийн өмнө буюу 2015 онд БНСУ-д болсон дэлхийн оюутны Универсиад наадмаас багийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цом болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан түүх тэдэнд бий. Тэгвэл Э.Даваахүү, Э.Бадамгарав нар Азийн наадамд анх удаа хамтдаа оролцох гэж байна.
“Лос Анжелес-2028” олимпын наадмын эрх зарим төрөлд шууд олгогдож байгаа тул буудлагын тамирчдын хувьд Азийн наадам онцгой хариуцлагатай тэмцээн болж байгаа аж.
Б.Болор-Эгшиглэн 2021 онд эгч шигээ тамирчин болно гэж байв.ЭГЧ ДҮҮ ТЕННИСЧИД АЗИЙН НААДАМД ӨРСӨЛДӨНӨ
Монголын ширээний теннисний эмэгтэй багийн бүрэлдэхүүн энэ жил дахин шинэчлэгдсэнээс эгч дүүс Б.Болор-Эрдэнэ, Б.Болор-Эгшиглэн нар Азийн наадамд өрсөлдөхөө шалгарчээ. Тэдний тоглолт есдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ. “Токио 2020” зуны олимпод Монголын багийн хамгийн залуу тамирчнаар оролцож байсан Б.Болор-Эрдэнэ энэ онд ч өөрийн чансааг хадгалж, Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан хэвээр байна. Түүний дүү Б.Болор-Эгшиглэн эгчийгээ Токиогийн наадамд өрсөлдөх үед "Эгч шигээ олимпын наадамд тоглоно" гэж байсан амлалтдаа хүрч шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах хэмжээнд өөрийгөө хөгжүүлжээ.
Өмнөх “Ханжоу 2022” Азийн наадамд Монголын талбайн теннисний эгч дүүс болох Ч.Маралгоо, Ч.Мартаа нар оролцож байсан. Гурав дахь Азийн наадамд өрсөлдөх Б.Болор-Эрдэнэ Олон улсын хэмжээний мастер цолтой бол түүний дүү Б.Болор-Эгшиглэн спортын 1-р зэргийг биелүүлжээ.
Тэд Говьсүмбэрийн ширээний теннисний ихрүүд гэдгээрээ алдартайХОВОР НЭРТЭЙ ИХРҮҮД ШИГШЭЭ БАГТ БАГТАВ
Мөн ширээний теннисний эрэгтэй багийн бүрэлдэхүүнд спортын дэд мастер Б.Энхтөгөлдөрбаясгалан, Б.Энхтамирбаясгалан нар багтсан. Говьсүмбэр аймгийн ширээний теннисний багш Д.Ганбаатарын удирдлага дор спортын замналаа эхлүүлж байсан ихрүүд өсвөр насандаа улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргаж байсан бол энэ жилээс томчуудын өрсөлдөөнд хүч үзэхээр боллоо. Азийн наадмын ганцаарчилсан болон багийн төрөлд ихрүүдтэй хамт М.Тэмүүлэн, Л.Бат-Оргил, А.Билгүүн нарын эрэгтэй теннисчид Азийн наадмыг зорино.
