
“Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Британид хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг нэгтгэсэн “Британи дахь монголын түүх, соёлын өв” номын нээлтийн ёслол Лондон хотноо боллоо.
Монголчуудын олон үеийн түүх, соёлын холбоотой эд өлгийн зүйл дэлхийн олон орны архив, номын сан, музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Тэдгээрийг эрж хайх, эрдэм шинжилгээний тодорхойлолт үйлдэж хэвлэн нийтлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2014 оноос эхлүүлсэн “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд энэхүү 13 дахь цуврал хэвлэгдэж Британид хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өвүүдийг цогцоор нь дээжлэн сонгож хэвлүүлсэн анхны бүтээл болж буйгаараа онцлог юм.
Тус бүтээлд багтсан Монголын түүх, соёлын дурсгалын 90 орчим хувь нь өмнө нийтлэгдэж байгаагүй аж. Эдгээрт Өндөр гэгээн Занабазарын бүтээл Дэмчог Мандал бурхан, Юань гүрний үеийн монгол цэргийн байлдааны хэрэгсэл бороохой, дуулга, Иль хант улсын түүхэнд холбогдох Монгол хатны цүнх, Судрын чуулганы чимэглэл зураг, Хар хотоос олдсон бичгийн дурсгалууд, Сайн ноён хан Намнансүрэнгийн Их Британийн хаан тавдугаар Жоржид илгээсэн захидал зэрэг нэн сонирхолтой бичгийн болон эд өлгийн дурсгалууд багтжээ.
Нээлтийн ёслолд төслийн баг хамт олон, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Фиона Блайт, Британийн хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл хүндэт зочноор оролцов.