
Сошиал медиа, тэр дундаа нөлөөлөгч гэх тодотголтой хүмүүс өнөөдөр бидний амьдралд өөрийн мэдэлгүй асар их нөлөөг үзүүлэх болжээ.
Өдөр тутмын аар саархан хэрэглээнээс эхлээд авмаар байгаа зүйл, очиж үзмээр байгаа газраа сонгохдоо хүртэл бид дагадаг инфлүнсэрийнхээ санал болгосон сонголт руу хөтлөгдөх нь олонтаа. Тэдний сурталчилж буй амьдралын хэв маяг, хэрэглээ нь бидний худалдан авалт төдийгүй хандлагад ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг тийм л орчинд бид амьдарч буй нь нууц биш.
Тэгвэл бидний дагадаг нөлөөлөгчид өнөөдөр хиймэл оюуны нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж амьд хүн бус кодоор бүтээгдсэн төгс дүрүүдээр солигдож эхэлжээ. Үүний нэг тод жишээ бол Испанийн хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн модель Аитана Лопез юм.
Тэрээр хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хийсвэр дүр боловч дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай болон сард дунджаар 5-10 мянган еврогийн орлого олдог аж.
Аитанаг бүтээсэн агентлаг түүнийг зүгээр нэгэн хэвийн зураг хуваалцдаг дүр байхаас илүүтэй өөрийн гэсэн зан араншин, сонирхолтой түүх, хоббиг зохиомлоор бий болгожээ. Тухайлбал, тэрээр фитнесээр хичээллэдэг, Blink-182 хамтлагийг сонсох дуртай, чөлөөт цагаараа видео тоглоом тоглодог. Тэр ч байтугай сошиал хуудаснаа бусадтай адил өөрийнхөө сториг идэвхтэй хуваалцаж, яг л амьд хүн шиг амьдралын хэв маягаа харуулж чаддаг нь 330 мянга гаруй дагагчийг татах гол нууц нь болжээ. Мөн түүнээс гадна энэ салбарын өөр нэгэн хүчтэй төлөөлөл болох Lil Miquela нь 2.6 сая дагагчтай бөгөөд тансаг зэрэглэлийн Prada, Calvin Klein-ий сурталчилгаанд бодит моделиудтай зэрэгцэн ажиллаж байгаа нь маркетингийн ертөнцийн тоглоомын дүрмийг сууриар нь өөрчилж эхэлжээ.

Брэндүүдийн хувьд нөлөөлөгч гэдэг найдвартай, итгэл даах чухал түнш байх ёстой. Гэтэл бодит ертөнцөд хүн бүр төгс байна гэдэг амаргүй. Тэр дундаа олны танил эрхмүүдийн гаргасан өчүүхэн алдаа, хувийн амьдралын гэнэтийн дуулиан эсвэл ёс зүйн ганцхан зөрчил брэндийн олон жилийн турш босгосон нэр хүндийг ганцхан хормын дотор үгүй хийх эрсдэлийг дагуулдаг. Харин виртуал нөлөөлөгч ийм хэмжээний хохирол учруулахгүй. Тиймээс ч сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон брэндүүд эрсдэлээс сэргийлэх, нөгөө талдаа технологийн дэвшлээр олны анхаарлыг татахын тулд виртуал нөлөөлөгчдийг нүүр царайгаараа сонгох болжээ.
Тухайлбал, Prada болон Dior-ын сурталчилгаанууд дадсан маркетингийн загвараас хальж, Lil Miquela-гийн өдөр тутмын амьдралын хэв маяг, дижитал түүхээр дамжуулан хэрэглэгчдид брэндээ сурталчилж буй. Тэдний хувьд дижитал дүрээр дамжуулан орон зай, цаг хугацаанаас үл хамаарч дэлхийн хаана ч нэгэн зэрэг виртуал загварын шоу зохион байгуулах, бодит нөлөөлөгчидтэй ажиллахад гардаг зураг авалтын баг, стилист, нүүр будагч, аяллын зардалгүйгээр маркетингийн асар өндөр бүтээмжийг бий болгож байна. Үүнээс гадна дижитал дүрүүд ядрахгүй, өвдөхгүй, 24 цагийн турш ажиллах чадвартай. Мөн дэлхийн аль ч хэлээр саадгүй харилцаж, олон улсын зах зээлд нэгэн зэрэг нөлөөлөх чадвартай нь брэндүүдийн хувьд төгс боломж аж. Тэгвэл энэхүү шилжилтийг дагаад хөдөлмөрийн зах зээлд ч шинэ боломжууд бий болж эхлээд байна. Учир нь, виртуал дүрийг амилуулахад зөвхөн код бичихээс гадна “Digital Storyteller” буюу хиймэл дүрийн зан араншин, амьдралын түүхийг зохиомжлох бүтээлч мэргэжилтнүүд шаардлагатай аж. Үүнээс гадна дижитал дүрүүдийн өвөрмөц төрх, давтагдашгүй имижийг тодорхойлоход туслах дизайнерууд болон стилистүүдийн орон зай ч хэдийнэ үүсэж эхэлсэн нь хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлийг илтгэж буй. Гэвч бидний биширч буй энэхүү дижитал төгс төгөлдөр байдал, маркетингийн шинэ хэв маягийн ард хүний сэтгэл зүй, нийгмийн үнэт зүйлд нөлөөлөх нэгэн сүүдэр дагаж буйг анзаарахгүй өнгөрч боломгүй.

Төгс дүр төрхүүд сошиал ертөнцийг эзлэх тусам бидний бодит байдлыг хүлээн авах мэдрэмж бүдгэрч эхлэх аюултай. Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр виртуал нөлөөлөгчид бодит хүнээс ялгагдахын аргагүй болж байгаа нь өсвөр насныхны дунд “insecurity” буюу өөртөө үл итгэх байдлыг бий болгох аюулын харангыг дэгдээж байна. Учир нь, дэлгэцийн цаадах өө сэвгүй арьс, хийсвэр бие галбирыг амьдралын бодит хэмжүүр мэтээр хүлээж авах нь тэднийг өөртөө сэтгэл хангалуун бус байх, өөрийнхөө жинхэнэ гоо үзэсгэлэнг голох сэтгэлгээ рүү түлхэх эрсдэлтэй.
Иймэрхүү хийсвэр хүлээлт даамжирснаар сошиал медиагийн нөлөөгөөр хэдийнэ тогтсон гоо сайхны стандарт өнөөдөр хиймэл оюунаар улам өндөрсөж, бодит ертөнцөөс бүрмөсөн тасарсан дүрийг төгс гэж тодорхойлох нийгмийн туйлшралыг бий болгох аюултай. Улмаар хэзээ ч ядрахгүй, өвдөхгүй, үргэлж хамгийн үзэмжтэй харагдах эдгээр дүрүүд залуу үеийнхний сэтгэл зүйд “Ийм л байх ёстой” гэсэн хүршгүй хүлээлт үүсгэж буй нь энэхүү технологийн дэвшлийн бараан сүүдэр юм. Тиймээс төгс төгөлдөр байдлыг алгоритмаар кодлон хүлээж авах бус харин хиймэл оюунаар урлаж чаддаг болсон энэ үед үүнийг амьдралын хэмжүүр биш, ердөө л маркетингийн нэг хэрэгсэл гэж ялгаж салгаж харах нь нэн чухал болжээ.