
Нийгмийг хууль удирддаг уу, ёс суртахуун удирддаг уу?
Одоогоос долоон жилийн өмнө нийтлэлч Г.Отгонбаяр агсан энэ асуултыг тавьж, “Ер нь бол нийгмийг хууль удирддаггүй. Хууль бол нийгмийн харилцааг л зохицуулдаг. Харин зарчим, ёс суртахуун нийгмийг удирддаг. Ялангуяа улстөрчдөд зарчим, ёс зүй, ёс суртахууны үнэлэмж хуулиас хүчтэй үйлчлэх учиртай” хэмээн бичиж байжээ. Тэгвэл өнөөдөр Монголын нийгмийг ёс суртахуун лав удирдахгүй байна. Олон нийтийн сүлжээнд өрнөж буй талцал хуваагдал, гүжир гүтгэлгээс харахад ёс суртахууны хэлтэрхий ч хайх хэрэг алга. Улстөрчдийн тухайд байдал бүр ч дор орсон. Тэдэнд ёс суртахуун гэж алга, нэмээд тэдний өмнө хууль нь өөрөө хүчгүйдэж байна. Гишүүний халдашгүй дархан эрх хэмээх УИХ-ын тухай хуульд суусан заалт тэднийг Жорж Оруэлийн “Амьтны ферм”-ийн “Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай илүү эрхтэй” гэдэг шиг болгож орхижээ.
“Гахай”-нууд яаж ч болно. Угаасаа Монголын хууль нь тийм юм. Тэд өсвөр насны охиноо сууж буй сандалтай нь арагш савж унагаад цохиж, занчиж болно. Хуулиараа тэд буруудахгүй. Эсвэл ХанУул дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргавал зүгээр л өнгөрнө. Хууль нь тийм юм л даа. Аль эсвэл хэн нэгэн эмэгтэй рүү ичимдэг эрхтнийхээ зургийг чатаар шидэж, бэлгийн дарамт үзүүлсэн ч яах ч үгүй. Хуулиараа тэднийг буруутгаж болохгүй. Бүр бэлгийн дарамтад нь өртсөн эмэгтэйчүүд нь “Ме тоо” шахуу хөдөлгөөн өрнүүлсэн ч гишүүн учраас хуулиараа тэд хамгаалагдаж, намаасаа туугдаад л болоо. Ноцтой, ноцтой иймэрхүү хэргүүдээс гадна Төрийн ордонд нэгнийгээ “салхилуулж унагах”, аль эсвэл 00 ороод ирсэн хотын орлогчийг хальт цохих, нэгнийхээ нүдэнд “тень” тавих, Шангрилагийн бааранд бусадтай зодолдох, олон нийтийн сүлжээгээр эрүүл галзуу нь мэдэгдэхгүй бусдыг гутаан доромжлох зэрэгт тэд ял зэм сонсохгүй. Яагаад гэвэл хуулиар тэд хамгаалагдсан юм.
Эрүүгийн хуулиар шийтгэгдэх нь байтугай Зөрчлийн хуулиар ч УИХ-ын гишүүд торгуулахгүй. Өдөр бүр согтуу машин барьсан ч тэдний жолоодох эрхийг хасах, эсвэл зүгээр л 20 мянган төгрөгөөр торгох эрх ч цагдаад байхгүй. Хууль нь тийм. Ер нь тэгэхээр УИХ-ын 126 гишүүний нэг болчихвол хуулиар хорьсон бүхнийг хуулийн хамгаалалт дор хийж болох нь. Хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон ч хуулиараа тэд шүүхийн өмнө очихгүй. Ийм л хязгааргүй эрх мэдэлтэй УИХ-ын гишүүдэд чөдөр биш юм гэхэд ядаж хазаар хэрэгтэй байна. Согтуу жолоо барьсан бол дор хаяж торгууль төлөх нь шударга ёс биз дээ? Ийм л юмыг нийгэм тэднээс хүсэж байна.
Тэгвэл нийгмийн захиалга гэх үү, иргэдийн санаачилга гэх үү нэр бүхий иргэд яг энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Тэд парламентын 126 гишүүнд бусдаас хэт давуу эрх олгосон УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар өргөдөл гаргасан юм байна. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт Цэцийн дунд суудал хуралдаж, УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.
41.7. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд
гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар
Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн
хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
УИХ-ын тухай хууль
Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас УИХ-ын гишүүдийг чөлөөлсөн энэхүү заалтыг Цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн гэж нэгэнт дүгнэчихсэн учраас одоо асуудал УИХ-д орж ирэх учиртай. Өөрөөр хэлбэл, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ УИХ шийдвэрлэх юм. Гэхдээ асуудал парламентын босго давахаас өмнө гишүүд бусдаас давуу эрх эдэлсэн хуулийн хамгаалалтаа цуцлахгүй гэж мэдэгдэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
ЦЭЦ минь дээ! Одоо төрөөр тоглохоо больж үз. Хэрээс хэтэрлээ. УИХ-ын гишүүн бол хувь хүн бус ард түмний төлөөлөл юм. Цэц үүнийг албаар үл тоон төлөөллийн засаглалыг, парламентыг улам сулруулсан ээлжит алхам хийжээ. Ард түмний төлөө тэмц гэж халдашгүй байхаар хамгаалж өгсөн байдаг. Өнөөдрийн М.Энхцэцэг гишүүнд халдсан асуудал бол тод жишээ, цаашдаа жирийн иргэн шиг болох учраас хэн эрх мэдэлтэй байгаа нь дураараа дээрэлхэж дарамталдаг болноо гэсэн хэрэг шүү дээ. Төлөөллийн засаглал баяртай болох цаг дөхжээ. Энэ заалт хүчингүй болсноор УИХ-ын гишүүнийг Зөрчлийн хуулиар баривчилж саатуулдаг болох юм.
Эрхэм гишүүн Ц.Даваасүрэнгийн харсан өнцөг зөв ч байх, буруу ч байх. Гэхдээ УИХ-ын тухай хуульд ийм заалт орохоос өмнө гишүүд Зөрчлийн хуулийн (Захиргааны хариуцлагын тухай хууль) дагуу торгууль төлөөд явж л байсан. Өрөөндөө тамхи татаж суусан тухайн үеийн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Би торгуулиа төлчихнө” гэж ярьж байсан бол, өнөөгийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй дөрвөн гишүүн Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад гэрэл зурагчны дуранд өртсөнийхөө дараа тус бүрдээ 19200 төгрөгийн торгууль төлж, олон нийтийн сүлжээгээр уучлал гуйж байсан удаатай. Товчхондоо энэ бүхнийг дахин сануулсан нь зөрчил гаргасан бол торгуулиа төл, торгууль төлмөөргүй бол зөрчил гаргахаа л больчих хэрэгтэй юм. Харин тэр парламентын дархлаа, гишүүний халдашгүй эрх нуран унаад байгаа гэдэгтэй бол жирийн сэтгүүлч би байтугай, мэргэжлийн хуульчид ч санал нийлэхгүй байна.
Өмгөөлөгч Д.Баттулга
Зарим гишүүдэд УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь хэсэгтэй холбоотой (УИХын гишүүнд шүүхийн журмаар зөрчлийн хариуцлага хүлээлгэх) Цэцийн дүгнэлт эмзэг тусч байгаа бололтой. Угтаа бол Даваасүрэн гишүүний яриад байгаа шиг УИХ-ын гишүүнийг баривчлах, саатуулах боломжтой болгочихсон асуудал огт биш л дээ. Саатуулах, баривчлахыг хориглох заалт хэвээрээ л байгаа. Зөвхөн “... шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахыг хориглох...” хэсгийг л Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Юуны өмнө УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол парламентын хэвийн үйл ажиллагаа, гишүүний төлөөллийн чиг үүргийг улс төрийн болон бусад хууль бус дарамтаас хамгаалах Үндсэн хуулийн баталгаа болохоос хууль зөрчсөн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй байх давуу эрх огт биш. Энэ зохицуулалтын бодит хор уршиг сонгуулийн хууль тогтоомж зөрчих зөрчил дээр маш тодорхой харагддаг. Бидний өнгөрсөн жил хийсэн судалгааны хүрээнд энэ асуудал тодорхой хөндөгдсөн. Тодруулбал, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн ноцтой шинжтэй буюу нэр дэвшигчээс хасах үр дагавар бүхий тодорхой зөрчлүүдэд Эрүүгийн хэргийн шүүхээс зөрчлийн хариуцлага (баривчлах шийтгэл биш) хүлээлгэхээр хуульчилсан. Гэтэл энэ нөхцөлд тухайн этгээд УИХын гишүүнээр сонгогдсоны дараа тухайн зөрчил нь тогтоогдсон тохиолдолд тус Үндсэн хуулийн зөрчил бүхий заалтын дагуу хариуцлага ногдуулах (зөрчлийг тогтоох) боломжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн ижил үйлдэлд сонгогдоогүй этгээд хариуцлага хүлээх боловч УИХ-ын гишүүн болсон этгээд хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл үүссэн. Энэ заалт бол гишүүний халдашгүй байдлыг хамгаалсан баталгаа яавч биш. Харин шулуухан хэлвэл хууль зөрчиж сонгогдсон гишүүн УИХ-ын гишүүний ширээний араар нуугдаж хариуцлагаас зугатах заль мэх.
Хуульч О.Батхүү
Ц.Даваасүрэн гишүүн Үндсэн хуулийн Цэц аймшгийн шийдвэр гаргаж УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэнд халдлаа гэж ярилаа. Тэр “аймшгийн” шийдвэр нь юу болохыг тайлбарлая. Жирийн иргэд бид согтуугаар жолоо баривал 400 мянган төгрөгөөр торгуулж, жолоодох эрхээ хасуулах буюу 7-30 хоног баривчлагдах хуультай. Гэтэл УИХ-ын гишүүд согтуугаар жолоо барьсан ч шүүхээс Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж болохгүй гэж хуульчилсан байгаа. Жирийн иргэд бид олон нийтийн газар агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал торгуулна, эвгүйтвэл баривчлагдана. Харин УИХ-ын гишүүдэд шүүхийн журмаар ийм шийтгэл оногдуулахыг хуулиар хориглосон. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, эрүүгийн хэрэгт тооцогдохгүй зөрчил гаргасан гээд олон хүн баривчлагдаж байгаа. Харин УИХ-ын гишүүдэд шүүхээр ийм шийтгэл оногдуулахыг хориглосон. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохгүй үйлдлийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг. Гэтэл гишүүд ийм зөрчил үйлдсэн бол шүүхээр шийтгэл оногдуулж болохгүй гэсэн хамгаалалт бий. Өвчин, тахал дэгдэхэд жирийн иргэд бид гэртээ хоригдож, хорио цээрийн дэглэм зөрчвөл торгуулна. Харин гишүүд ийм үйлдэл хийсэн бол шүүхийн журмаар шийтгэл оногдуулахыг хориглосон. Энэ бүхэн зохиомол зүйл ерөөсөө биш. УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь заалтыг үзвэл эрхэм гишүүд маань өөрсдөдөө ийм онцгой хамгаалалт бий болгосон. Үүнийгээ халдашгүй дархан эрх гэдэг. УИХ-ын гишүүний халдашгүй байдал бол төрийн ажлаа хараат бусаар хийх баталгаа болохоос согтуу машин барьж, танхайрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зөрчил гаргачихаад шүүхийн шийтгэлээс хамгаалагдах эрх биш байлтай. Харин 2026 оны 10 сарын 26-нд Цэц энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 07 дугаар дүгнэлт гаргасан. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Энэ шийдвэрийн яг юу нь тийм “аймшигтай” байгаа юм бол?
Хэрэв Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авбал гишүүд ямар боловч Зөрчлийн хуулиар торгуулдаг болох нь. Харин хүлээж авахгүй бол Цэц их суудлаа хуралдуулж, маргаанд цэг тавих ёстой. Үндсэн хуулийн Цэцийн өмнөх практикаас харахад дунд суудлын шийдвэрээ их суудал нь баталгаажуулах талтай юм билээ. Тэр өнцгөөс бодвол “Гахай”-нуудын эрх бага боловч хасагдах нь. Гэхдээ тэдний эдлэх эрх ямба мэдээж дуусна гэж үгүй. Гадна талаас ирсэн энэхүү шаардлагыг хүлээж авахын зэрэгцээ парламент дотроо бас асуудлаа ярих шаардлагатай байна. Тэд жирийн иргэдээс авдаг цалин, эдэлдэг эрх, хамгаалагддаг хуулиараа хэт давуу ч наад захын ажлын хариуцлагаар бол авах юм үгүй. Иймээс л гахай гахайгаараа үлдэх гээд байна. Үүнийг нь ч УИХ-ын дарга нь хүртэл хүлээн зөвшөөрсөн байна лээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт
УИХ-ын гишүүн анх нэр дэвшээд явахдаа ерөөсөө улс орноо хөгжүүлнэ, ард түмнийхээ амьдралыг сайхан болгоно, уулыг нураагаад, усыг эргүүлэх над шиг ажил хэрэгч, хариуцлагатай хүн байхгүй гэдэг. Сонгогдчихоод харин хуралдаа суудаггүй, ажилдаа ирдэггүй. Ирсэн ч ирцэндээ орчихоод санал хураалтандаа оролцохгүй гараад алга болчихдог. Ийм хүмүүс байна. УИХ-ын Байнгын хороо 57 удаа хуралдаж чадаагүй байна. Энэ бол бид ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Өөр жирийн албан хаагч 57 удаа биш, 5 удаа ажлаа таслахад халагдаж байгаа. Иймд ажлаа хийхгүй 5 удаа таслах юм бол тэр гишүүний асуудлыг Ёс зүйн дэд хороогоор ярина, нэг сарын санал хураалтын 50- иас дээш хувьд нь оролцохгүй бол тэр гишүүний ёс зүйн асуудлыг ярья. Ёс зүйгүй бүдүүлэг үг хэрэглээд, хуралдаан үймүүлээд, бусдын нэр хүндэд халдаад, гутаагаад, худлаа мэдээлэл тараагаад байвал тэр гишүүний ёс зүйн асуудлыг Ёс зүйн дэд хороо ярина. Ингэж тодорхой оруулж өгч байгаа. Ёс зүйн дэд хороо байх, байхгүйн тухай ярих биш, харин ч үйл ажиллагааг нь илүү боловсронгуй болгох ёстой. Тэгж байж УИХ-ын гишүүд ёс зүйтэй, сахилга хариуцлагатай болно. Ингэж байж төрд итгэх ард түмний итгэл нэмэгдэнэ. Ингэж байж парламентын засаглал улам бэхжинэ.
УИХ-ын даргын хэлсэн энэ үгээс харахад парламентад асуудал овоорчихож. Бас асуудлыг шийдэх гаргалгаагаа хайж, хуульдаа өөрчлөлт оруулахаар зорьж байгаа бололтой. Гэхдээ хэн ч хоосон яриад, хэдэн ч удаа иймэрхүү үг унагаж болох л юм. Юу гэхээр, УИХ-ын түвшинд одоогоор өргөн баригдчихсан УИХын тухай хуулийн төсөл бараг дөрөв, тав болчихоод байгаа. Нөгөө УИХ-ын гишүүний эгүүлэн татах Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл нэг нь. Ерөөсөө л хэлэлцэх нь зөв гэж шийдчихээд хэлэлцэхгүй хав дараад удаж байна. Нийгмээрээ, нийтээрээ нэг хэсэг бужигнаж авсан энэ төслийг батлах эсэх нь мэдээж УИХ-ын бүрэн эрх.
Гэхдээ хэлэлцэнэ гэж дэмжчихээд хэлэлцэхгүй шүүгээнд дараад байж болох уу. Дээр нь УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарын өргөн барьсан, Х.Тэмүүжин нарын өргөн барьсан гээд уг нь хэд хэдэн бэлэн хуулийн төсөл байна. Ядаж л С.Бямбацогт даргын хэлсэн шиг гишүүдийг хуралд нь суулгадаг, ёс зүйн асуудлыг нь ярьдаг, саналыг нь өгүүлдэг болгох зорилготой зохицуулалтуудаа хуульдаа суулга л даа.
Ажлаа хийдэггүй, хурлаа тасалдаг гишүүдийн цалинг нь хасдаг, уучлал гуйхыг үүрэг болгодог, ядаж л хүссэн үедээ орж ирж дураараа “попрох” үг хэлэх эрхийг нь хугацаатай хасдаг зохицуулалтаа хуульдаа оруулж өгмөөр байна.

Ийм агуулгатай хэд хэдэн төсөл хэлэлцүүлгээ хүлээгээд байж л байна. Тэгэхгүй бол энэ парламент Улсын Их Гацаа л болох нь. Эхлээд улс төрийн зодооноо дийлэхгүй нэгнээ ирцээр бойкотолдог байсан бол эцэст нь “Тэр надаас уучлалт гуйтал хуралдаа суухгүй”, “Тэр тэрнээс уучлалт гуйвал хуралдаа сууна” хүртлээ гишүүд нь “солиорч” байна. Тэд ямар дөнгөж үерхээд нэгэндээ туньсан залуус уу? Тэднийг ийнхүү нэгэндээ туньж суух хооронд инфляц 18 хувь шүргэж, ард түмнийх нь авдаг цалин тэтгэвэр цаас болсоор удлаа. Угтаа парламент бол хуралдаж байж л амьтай байдаг, бас асуудал шийддэг тийм газар. Тэнд эрүүл мэтгэлцээн өрнөж байж, энд бидний амьдралд эерэгээр тусдаг. Гэтэл УИХ ирцээ бүрдүүлж хуралдаж чадаагүйгээс нь болоод энд ард түмний амьдралд асуудал нь овоорчихоод байна шүү дээ.
Нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг үгтэй. Өнөөдөр УИХ ирцээс болоод ямар ч асуудал шийдэхгүй байгааг ганцхан статистикаас харж болно. Энэ парламент бүрэн эрхийнхээ 2 жилийн хугацаанд баталсан хуулийн тоо нь 2020-2024 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн парламентын 4 жилийн хугацаанд хэлэлцэн баталсан хуулийн ердөө 8.9 хувийг эзэлж байна. Ийм хурдаар ажил хийвэл 20 жилийн дараа л 2020-2024 оны парламенттай баталсан хуулиараа зэрэгцэж очих нь. Иймд УИХ-ын тухай хуулийг нэн даруй өөрчилж, гишүүдийг хариуцлагажуулахгүй бол 126 гишүүнтэй анхны парламент “Сахил хүртээд шал дордов” л гэгчийн бодит жишээ болж Монголын түүхэнд үлдэх нь.
Эцэст нь, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль “Ардчилал бол төгс зүйл биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээр юм бодож олоогүй байна” гэж 80 жилийн тэртээ хэлсэн. Монголчууд ч бас 1990 оны цагаан морин жилийн хувьсгалын дараа сонгон алхсан зам маань энэ. Гэвч парламентыг улам бэхжүүлж, төгөлдөрүүжэх гэж зорьсон Үндсэн хуулийн өөрчлөлт “бай”-гаа оносонгүй. Парламентыг 126 гишүүнтэй болгосон 2024 оны сонгуулиас хойш УИХ-ын нэр хүнд хамгийн доод цэгтээ хүртэл унаж байна. Ёстой олдвол өлдөнө гэгч л болсон. Энэ парламентад намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэдэг шиг нь ч байна, гадаад дотоод томилолтоор ирцийн бүртгэлээ дүүргэдэг нь ч бий. Нөгөө ямар ард түмэн байна, тийм төр байна гэдгийн сонгодог жишээ нь энэ парламент, сошиал дахь монголчууд болж байх шиг. Одоо засаж авахгүй бол парламентын засаглалын нэр хүнд нийгэмд өдөр ирэх тусам унаж байна. Энэ байдал даамжирсаар байвал Монгол Улс ардчиллын замаасаа гажчих ч эрсдэл бий боллоо.