
УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын гишүүд Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүллээ. УИХ-ын тухай хууль болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд парламентын хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцооны хэрэгжилт, ил тод байдал, үр ашигтай байдлыг үнэлэх, бодит нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, санхүүгийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын хэрэгжилтийг холбогдох баримтад тулгуурлан шинжлэн судалж, үнэлэх юм байна. Түүнчлэн тус сангийн үйл ажиллагааны хүрээнд иргэд, даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж буй эсэх, сангийн хөрөнгийн зохистой, үр ашигтай ашиглалт хангагдаж байгаа эсэх болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт гаргаж ажиллахаар тусгажээ. Эдгээр үнэлгээ, дүгнэлтийн үр дүнд үндэслэн Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулж УИХ-д танилцуулна гэж төсөл санаачлагчийн зүгээс тодотгов.