Тэтгэвэр нь иргэд тэтгэврийн насанд хүрч, ажил хөдөлмөр эрхлэхээ болих үед нь өдөр тутмын хэрэглээ, амьжиргааг хангах зорилгоор насан туршид нь сар бүр мөнгөн орлоготой байх боломжийг бүрдүүлж, эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн хамгааллын баталгааг хангаж буй орлогын чухал эх үүсвэр юм.
Олон улсын туршлагаас үзэхэд тэтгэврийн орлогыг барьцаалсан зээл нь нийтлэг бус боловч манай улсын хувьд банкны салбарын зээлийн нэг төрлийн бүтээгдэхүүнд тооцогдож байна. Энэ төрлийн зээлийн дийлэнх нь сарын орлогыг бүхлээр нь барьцаалж, амьжиргаанд зарцуулах орлого үлдээхгүй байгаа нь өндөр настай иргэдийн амьдралд хүндээр тусдаг билээ. Үүнийг харгалзан УИХ-аас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг баталж, улмаар 2019 оны эцэст 757.8 тэрбум төгрөгт хүрээд байсан банкны салбарын тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2020 оны нэгдүгээр улирлын эцэст 160.7 тэрбум төгрөгт хүрч буурсан. Түүнчлэн, дээрх хуулийг даган банкны урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлдэгчийн тэтгэврийг жилд нэг удаа зургаан сараас дээш хугацаагаар барьцаалахыг хориглосон. Гэвч, УИХ-аас 2021 оны 5 дугаар сард баталсан банкны урт нэртэй хуулийн шинэчилсэн найруулгаар тэтгэврийн зээлийг хязгаарласан заалт хасагдсан. Улмаар 2022 оны эхнээс банкны тэтгэврийн зээл олголт эрчимжиж, 2025 оны хоёрдугаар сарын байдлаар 2,102.0 тэрбум төгрөгт хүрч /жилийн өсөлт нь 49.1 хувь/ 2019 оны эцэс үе буюу иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдахын өмнөх үетэй харьцуулахад 2.8 дахин нэмэгдэж, өндөр настай иргэдийн өрийн дарамт огцом нэмэгджээ.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэдийн тоо 2025 оны нэгдүгээр сарын байдлаар 514.0 мянга, дундаж тэтгэврийн хэмжээ 851.0 мянган төгрөг байна. Түүнчлэн, 2025 оны хоёрдугаар сарын байдлаар 295.8 мянган иргэн тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд нэг зээлдэгч дунджаар 7.1 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. ҮСХ-ны “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа 2023”-ны микро тоон өгөгдөлд үндэслэн тооцвол нийт тэтгэврийн зээлтэй өрхүүдийн 31.7 хувьд нь орлогын дутагдалтай буюу зээлийн төлбөрөө төлсөн тохиолдолд үлдэж буй орлогоороо суурь амьжиргааны зардлаа хангах боломжгүй байна.
Тэтгэврийн орлогыг барьцаалсан зээлийн дийлэнх хэсэг нь ахмад настангуудын амьжиргаанд бус өөр зориулалтаар ашиглагдаж байна. Тухайлбал, Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгааны үр дүнгээс үзэхэд түүвэрт хамрагдсан ахмад настнуудын 60.6 хувь нь тэтгэврийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд тус зээлийг ихэнх тохиолдолд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, гэр бүлийн гишүүдийн автомашин, байр худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр бусдын хэрэглээнд зарцуулдаг байна. Ийнхүү тэтгэвэр авагч иргэд өөрийн амьжиргаа, хэрэглээг хангах сар бүрийн орлогоо зээлийн төлбөрт зарцуулж байгаа нь эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн баталгаа алдагдах, санхүүгийн хараат байдал, өрийн дарамтад өртөх үндсэн шалтгаан болж байна.