
Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси даваа гарагт Австрийн эсрэг хийсэн ДАШТ-ий J хэсгийн тоглолтод хоёр гоол оруулснаар Дэлхийн аваргын тэмцээний түүхэн дэх бүх цагийн хамгийн олон гоолтой тоглогч боллоо. Уг амжилтыг Германы домогт довтлогч Мирослав Клозе эзэмшиж байсан юм.
Месси тэмцээний өмнөх тоглолтод хет-трик хийснээр ДАШТ-д оруулсан нийт гоолын тоогоо 16 болгож Клозетой эн зэрэгцсэн байсан. Харин Австрийн эсрэг тоглолтын эхэнд торгуулийн цохилтоо алдсанаар рекорд тогтоох боломжоо түр алдсан ч 38 дахь минутад гоолдож, тоглолтын төгсгөлд дахин нэг гоол нэмснээр Аргентин 2:0-ээр ялжээ.
Энэ ялалтаар дэлхийн аваргаа хамгаалсан Аргентины баг хасагдах шатанд шалгарсан байна.
Месси ийнхүү ДАШТ-д нийт 18 гоол оруулан Клозег ардаа орхисон төдийгүй эмэгтэйчүүдийн ДАШТ-ий бүх цагийн мэргэн бууч Мартагийн 17 гоолын амжилтыг ч давлаа.
Мөн тэрээр 2022 оноос хойш ДАШТ-ий зургаан тоглолт дараалан гоолдсон амжилтыг үргэлжлүүлэв.
Үүний зэрэгцээ Францын довтлогч Килиан Мбаппе Иракийн эсрэг тоглолтод хоёр гоол оруулж, ДАШТ дэх нийт гоолын тоогоо 16 хүргэн Клозегийн амжилттай зэрэгцжээ.
Тоглолтын дараа Месси "Торгуулийн цохилтоо алдсандаа би үнэхээр бухимдсан. Гэхдээ дараа нь алдаагаа засаж чадсандаа баяртай байна" хэмээн ярьсан байна.
Месси 2026 оны ДАШТ-ийг Алжирын эсрэг 3:0-ийн ялалтаар эхлүүлэхдээ хет-трик хийж, Клозегийн рекордтой тэнцсэн юм. Энэ нь түүний шигшээ багийн төлөө хийсэн 11 дэх хет-трик боловч ДАШТ дэх анхны хет-трик байжээ.
Тэрээр ДАШТ дэх анхны гоолоо 2006 оны зургаадугаар сарын 16-нд, ердөө 18 настайдаа Серби ба Монтенегрогийн эсрэг тоглолтод оруулж байсан бөгөөд яг 20 жилийн дараа дахин нэгэн түүхэн амжилт тогтоолоо.
Мөн Месси эрэгтэйчүүдийн ДАШТ-ий зургаан өөр тэмцээнд оролцсон анхны хөлбөмбөгчин болж байгаа юм.
Эдгээр гоолын дараа түүний Аргентины шигшээ багийн төлөө оруулсан нийт гоол 122-т хүрчээ. Энэ үзүүлэлтээр тэр зөвхөн Кристиано Роналдогийн 143 гоолын ард бичигдэж байна.
Месси тоглолтын дараа "Юу юунаас ч илүүгээр ялалт байгуулсандаа баяртай байна. Маш хүнд, хэцүү тоглолт байлаа. Энэ ялалт бидэнд дараагийн шатанд арай тайван хандах боломж олгоно. Энэ дэлхийн аваргын бүх тоглолт өрсөлдөөнтэй, маш ширүүн болж байна. Би энэ мөчийг багийн нөхөдтэйгөө хамт мэдэрч байгаадаа баяртай байна" гэжээ.
39 насны төрсөн өдрөө лхагва гарагт тэмдэглэх Месси энэ удаагийн тэмцээнд Аргентины оруулсан бүх (таван) гоолын эзэн болоод байна. Мөн 35 нас хүрснээсээ хойш ДАШТ-д 12 гоол оруулжээ.
Аргентины шигшээ баг 2022 оны Катарын ДАШТ-ий эхний тоглолтод Саудын Арабт ялагдсанаас хойш ДАШТ-д дараалан найман ялалт байгуулаад байна.
Одоогоор Аргентин J хэсгийг зургаан оноотой тэргүүлж, шөвгийн 32-т шалгарахаа албан ёсоор баталгаажуулсан бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Техас мужид Йорданы шигшээ багтай хийхээр болжээ.