
Гучин жилийн тэртээ бидэнд “Хэл шинжлэлийн удиртгал” хичээлийг заахаар 40 эргэм насны цэвэр ганган хувцаслаж, үсээ толийтол самнасан хүн орж ирсэн нь Ж.Баянсан багш байв. Харин би багшийн өмссөн тохойндоо өөр өнгийн оруулгатай костюмыг хараад, ихэд гайхаж, яагаад ийм нөхөөстэй байгаа юм бол гэсэн шиг бодож суутал “Хүн төрөлхтөн хэлтэй болохын тулд харилцах хэрэгтэй болсон юм уу, эсвэл харилцах хэрэгцээгээ хангах явцад хэлтэй болсон юм уу” хэмээх хачин “жигтэй” асуултыг тавьж билээ. Хөдөө малчны хотноос шууд их сургуулийн хаалга татсан мань мэтэд багшийн хувцас нь ч тэр, асуулт нь ч тэр их л сонин санагдаж, толгойг минь эргүүлж орхисныг мартдаггүй юм. Улмаар “Энэ чухам яагаад”, “яагаад ингэсэн байж болох вэ” гэх мэтээр нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах асуултаар булж, биднийг чадан ядан хариулахад ёжтой нь аргагүй инээнэ.
ХЭЛ СУДАЛНА ГЭДЭГ НЬ ХҮН СУДАЛНА ГЭСЭН ҮГ
Профессор Ж.Баянсан 2022 онд МУИС-ийн Ахмад багш нарын лекцийн “Алтан сан” цувралын 12 дугаарт “Хэлцийн утгыг үндэстний соёл сэтгэлгээний илэрхийлэл хэмээн судлахын учир” хэмээх сэдвээр хүндэтгэлийн лекц уншсан юм.
Уг лекцийг сонсож байтал багш маань айнаа л хачин жигтэй зүйлээ ярив. Өөрөө ч түүнийгээ “Өнөөдөр миний ярих юманд их хачин хачин зүйл гарна, хэл бол тийм ч чухал хэрэглүүр биш” гэв. Цааш нь “Хэл бол хэчнээн гайхамшигтай хэрэглүүр мөн боловч хэлээр ямар ч бодол санаа дамжихгүй. Хэл бол бодол санаа дамжуулахгүй. Хэлээр ямар ч соёлын зүйл дамжихгүй. Соёлын зүйлийг хэл ерөөсөө тээхгүй. Бодол санааг ч тээхгүй. Харин Хэл бол утга санааг илэрхийлдэг хэрэглүүр. Үндэстний хэл бол үндэстний сэтгэлгээг илэрхийлэх хэрэглүүр/ арга мөн” гэж тодорхойлов.
Мөн тэрээр “Утга санааг үгээс эрэх үү, тархинаас эрэх үү” хэмээгээд “Үг бол утгатай, үгээс эрнэ” хэмээн үзэж ирсэн одоо бол утга санаа гэдэг юмыг үгээс ерөөсөө эрэхгүй, тархинаасаа юм уу биеэсээ эрээрэй. Хэлний бүх түвшний илэрхийллийн утга нь биеэс үүдэлтэй байна” гэсэн сонирхолтой шинэлэг санаануудыг хэлэв.
Ийнхүү өгүүлсэн нь, профессор Ж.Баянсангийн сүүлийн үеийн судалгааны ажил, нэн ялангуяа, XX зууны 70, 80-аад онд үүсэн, дэлхий дахинаа шинэ тутам хөгжиж байгаа Танихуй хэл шинжлэл (Cognitive Linguistics)-ийн гол төлөөлөгчид болох Жорж Лэкоф (George Lakoff), Жон Тэйлор (John R.Taylor), Ж.Фооконниэ (Gilles Fauconnier) нарын лекцийн орчуулсантай нь холбоотой.
Уг орчуулга нь МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монгол хэл судлал” цувралын “Танихуй хэл шинжлэл, Хэлний соёл судлал” XIV ботийн эхний хэсэгт багтсан бөгөөд уг бүтээл нь орчин цагийн монгол хэл судлалд шинэ салхийг сэвэлзүүлсэн юм. Ж.Баянсан багшийн орчуулгаас жишээ болгон үзүүлвэл:
Ж.Лэкоф “Утга, утга санаа бол хүний тархинд байдаг...Утга бол биднээс ангид байдаггүй, бидний гадна талд байдаггүй.Утга бол үг, ертөнц дэх зарим нэг бүтцийн харьцаа хамааралд ч оршиж байдаг зүйл биш.Утга бол бидний бие цогц, бие эрхтэн, тархи мэдрэлийн үйлтэй холбоотой байдаг юм. Өөрөөр хэлбэл, бид ертөнцтэй хэрхэн нөлөөлцөж байна вэ гэдэг нь утгын орон, утгын байрыг тодорхойлоход хамаатай байдаг. Нөгөөтэйгүүр, бие цогц, бие эрхтний харилцан үйлчлэлээс утга гарч байдаг гэж үзэж болно.(48) Эцсийн эцэст, бид ямар нэг юмыг таньж мэдэж байна гэдэг бол зөвхөн тархиараа дамжуулж тархиныхаа хүчээр л хийж байгаа үйл ажиллагаа мөн юм. Бидний тархи бол маш нарийн бүтэц бүхий байгуулал юм. Ийм учраас юуг, хэрхэн таньж мэдэх вэ гэдгийг тархи л мэднэ.Тархины зөвшөөрсөн юмыг л бид танин мэдэх боломжтой байдаг гэсэн үг ( 44) хэмээжээ.
Мөн Ж.Лэкоф нь Пол Кэй (Pual Kay) Брэнт Бөрлин (Brent Berlin) нарын “Basic Color Terms; Their Universality and Evolution” 1969 бүтээлийн талаар судалж, уг бүтээлийг танихуй хэл шинжлэлийн “анхдагч, хувьсгалын дайтай бүтээл” хэмээн үнэлэхийн зэрэгцээ уг судалгаанд тулгуурлан “Өвс ногоон байдаг гэдэг үнэн биш. Ногоон өнгөтэй байна гэдэг нь хүн өвс хоёрын хоорондын харьцаатай холбоотой байдаг. Ингэхлээр цус бол улаан, тэнгэр бол цэнхэр гэдэг бас үнэн биш болно. Аливаа өнгө нь хүн, ертөнц хоёрын дотоод харьцаа хамаарлаас үүдэлтэй байдаг” гэсэн байдаг.
Ийнхүү, бидний монгол хэлээрээ хэдэнтээ уншиж гэмээнэ ухаарах эдгээр бүтээлийг Ж.Баянсан профессороос өөр хүн орчуулахад тун хэцүү гэж бодсоноо нуух юун. Тэрээр орчуулгынхаа тухай “лекцийн агуулгыг аль болох бүрэн багталцуулахыг хичээхдээ судлаачийн санааг хэвээр нь гаргах гэсэн махчилсан орчуулга руу хазайж, монголоор илэрхийлэхэд эвтэйхэн болгох гэсэн маань утгачихлахаас хэтийдэж, миний сэтгэхүйд ойртож задгайрах гэсэн хандлагын аль аль нь энэ хэсэгт тохиолдохыг учирлая” хэмээснээс тодорхой харж болно.
Мөн лекц бүрийн зарим газар дунд нь, ихэнхдээ төгсгөлд Тэмдэглэх нь гэсэн 40 орчим тайлбар хийсэн нь өөрийнх нь бичсэнээр “Тухайн асуудлын талаарх судлаачийн зарим далдлагдсан санааг илрүүлж, энгийн үг хэллэгээр тайлбарлах, нөгөө талаар, Монголын залуу судлаачид орчин үеийн танихуй хэл шинжлэлийн арга зүйн үүднээс өөрийн хэл, мөн бусад хэлтэй харьцуулсан судалгаа хийхэд нь санаа өгөх” гэсэн олонтаа ухах мөхөс бидэнд үнэхээрийн чухал дэм боллоо.
Мөн багшийн бичсэн, ярьсан хачин жигтэй зүйл маань хүний тархины маш нарийн үйл ажиллагаа болох нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, “хэлний илэрхийлэлд утга байхгүй, Утгатай гэж хэлж буй юм нь юу гэхээр зэрэг утгатай болгоод холбоод авчихсан юмаа тархиндаа бий болгосон зүйлээ тэгэж хэлж байгаа юм” Бид нарын тархинд утгыг тээдэг, зөөдөг 18-20 тэрбум эс байна. Энэ эс бол бол зөвхөн мэдээллийг зөөж, идэвхжүүлж, хооронд нь холбож байдаг үүрэгтэй. Энэ 18-20 тэрбум эсийн ачаар, хоорондоо авалцдаг авалцуурын ачаар үгийн утга гэдэг юмыг үүсгэдэг (Ж.Баянсан “Багшийнхаа лекцийг сонсъё” хүндэтгэлийн лекц 3, 2022.10.23)
XX зууны дунд үеэс, дэлхий дахинд тархи судлалын ухаан хөгжихийн хэрээр хүний хэл яриа хэрхэн үүсдэг,тархины аль хэсэгт бүтэж бүрэлддэг болохыг судалж эхэлсэн бол одоо эдгээр улам бүр тодорхой болж байгаа бөгөөд хүний тархинд ойролцоогоор 100 тэрбум орчим мэдрэлийн эс (нейрон) байдаг агаад эдгээр эсүүдийн хооронд холбоос (синапс) үүсэх маягаар хэл яриа үүсдэг болохыг тогтоогоод байна.
Өнөө цагт хэл судална гэдгийг хүн судална гэж үзэх болсон. Өөрөөр хэлбэл, тархи судлалын ухаан хөгжихийн хэрээр, хэл шинжлэл нь биологи суурьтай болж, тархи судлал, сэтгэл судлал, хэл шинжлэлийн уулзвар дээр хүний хэлний мөн чанарыг тодорхойлох шинэ чиг хандлага үүссэн (Н.Нансалмаа) бөгөөд үүнийг орчин үеийн хүн төвт (anthropocentric) үзэл онол гэх болсон бөгөөд энэ хүү үзэл онол, ялангуяа Хүн төвт хэлшинжлэл (Anthropological linguistics), нейро хэл шинжлэл (neurolinguistics), танихуй хэл шинжлэл (Cognitive linguistics)-ийг Монголд таниулах, хөгжүүлэхэд профессор Ж.Баянсангийн оруулсан хувь нэмэр маш их юм.
Удахгүй, манай залуучууд энэ чиглэлээр нарийн судалгаа хийж, лабортари кабинеттай болж, электроэнцефалографи буюу Тархины цахилгаан бичлэг (EEG), функциональ соронзон резонансын дүрслэл (fMRI), Соронзонцахилгаан бичлэг (MEG), Хэт улаан туяаны ойрын (хэсгийн) скептроскоп Near-infrared spectroscopy (NIRS), Транскраниаль соронзон өдөөлт (TMS) зэрэг орчин цагийн багаж техникийг эзэмшинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
ХЭЛ БОЛ ТАНИХУЙ СОЁЛЫН ЗУУЧ
Утга санааг үгээс эрэхгүй тархинаас эрэхийн онцгой нэг жишээ бол тухайн хэлний өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг, оньсого таавар зэрэг тогтвортой нэгжүүд юм.
Монгол хэлний судлалд эдгээр тогтвортой нэгжийг хүний танин мэдэхүй, сэтгэхүй, сэтгэлгээний хөгжлийн үйл явц, үр дүн болох талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоож, Хэлний соёл судлал” (cultural linguistics)-ын монгол дэгийг үндэслэн хөгжүүлж байгаа хүн бол профессор Ж.Баянсан юм.
Тэрээр хэлний соёл судлалын чиглэлээр 14 доктор, 46 магистр удирдаж хамгаалуулаад байна. Мөн түүний 2002 онд хэвлүүлсэн “Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ” бүтээл нь монгол хэлний соёл судлалын анхны бөгөөд жинтэй бүтээл гэдэгтэй маргах хүн үгүй буй за.
Тэрээр В.Н.Телия, Э.Г. Аветян, Н.Д. Артюнова, Б.А.Серебренников, Н.И.Жинкин зэрэг эрдэмтдийн үзэл онолд тулгуурлан, монгол хэлний олон арван жишээгээр монгол хүний танин мэдэхүй, сэтгэхүй, үндэстний сэтгэлгээний онцлог, соёлын өвөрмөц байдлыг тандан судлахын зэрэгцээ зүйрлэсэн хэллэг (метафор) нь авалцуулан уялдуулах (ассоциаци)-д дулдуйдсан жишин адилсуулах (аналоги)-ын үр дүнд болж байгаа үзэгдэл гэдгийг тогтоожээ.
Улмаар Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан байдал, үндэсний сэтгэлгээ (mentality), сэтгэлгээний тогтвортой хэв шинж (stereotype), тогтвортой жишиг хэмжүүр (etalon), монгол үндэсний үнэлэмж (value)-ийн хэв маягийн илэрхийлэл болдог соёлын тэмдэг-ийг хэлний тэмдгээр илэрхийлэх, харьцаа хамаарал, онцлог зүй тогтлыг судлан тогтооход олон жилийн хүч хөдөлмөрөө зарцуулж, “хэл соёл хоёр ухамсарын хэлбэр болохын хувьд маш нягт уялдаатай үзэгдэл байдаг учраас үндэстний соёлын асуудал, ялангуяа, тухайн соёл-хэлтний үндэстний сэтгэлгээг судална гэдэг бол хэлний тэмдэгийнх нь соёлын учир холбогдлыг нээж гаргана гэсэн үг” хэмээн тодорхойлсон байдаг
Профессор Ж.Баянсан 2002 онд хэвлэсэн “Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ” бүтээлийнхээ өмнөтгөлд “Хэлний тогтвортой нэгжийн утга бол хэлний илэрхийллийн дээд эрэмбийн утга юм. Энэ утгад хэлний илэрхийллийн утгаас “ерөнхий” утгаас гадна түүнээс дам хийсвэрлэсэн давхар давхар утга хамт илэрсэн байдаг (Метафор бол хэлний илэрхийллийн утгын дээд эрэмбэийн хийсвэрлэл бөгөөд юм үзэгдлийн нэрлэх төдий үзэгдэл биш, харин тухайн төрөлх соёл-хэлтний ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан байдал, тэдний бүтээн цогцлоож өвлөн уламжилж ирсэн соёлын биет өв, биет бус өвйин тухай мэдлэг ухаан сэтгэлгээнийх нь онцлогийг өгүүлж, сонсохын аль ч талаараа хамгийн оновчтой бүтэц хэлбэр, утга агуулгад оньслон илэрхийлсэн байдаг 2022) учраас түүнийг нээж тайлбарлах нь амаргүй ч гэсэн зүй тогтлоо олуулах гэж судлаачийн сонирхлыг байнга татаж байдгаараа онцлогтой” хэмээсэн байдаг.
Ийнхүү монгол хэлний 200 орчим, ойролцоо утгатай хэллэгийг оролцуулбал 600 орчим зүйрлэсэн хэллэгийн утга соёлыг тайлбарлаж “Монгол хэлний зүйрлэсэн хэллэгийн утга соёлын тайлбар толь” (2019, 2021)-ио бүтээжээ. Монголд урд өмнө зүйр цэцэн үгийн болоод хэвшмэл хэллэгийн толиуд гарч байсан боловч зүйрлэсэн хэллэгийг ийнхүү цогцоор нь утга соёлын талаас тайлбарласан толь урьд өмнө гарч байгаагүй юм.
Профессор Ж.Баянсан “ Хэл бол танихуй соёлын зууч”, “Соёл бол удамшлын бус аргаар биедээ тээж яваа өвлөмөл ой санамж” хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд монгол эрдэмтний ой ухаан, онч үгс нь хэл, соёлын талаарх олон зуун тодорхойлолтын дотор өөрийн гэсэн байр суурийг эзэлсээр байх нь дамжиггүй.
ХЭЛ СУРНА ГЭДЭГ СОЁЛ СУРНА ГЭСЭН ҮГ
Профессор Ж.Баянсан “Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ” бүтээлдээ “Үнэндээ гадаад хэлийг сурах судлах, ялангуяа өвөрмөц хэллэгийг нь ойлгож ухаарах, орчуулж тайлбарлана гэдэг бол тухайн хэлээр харилцагч үндэстний соёлын уламжлал, сэтгэлгээний хэв маягийг нээж илрүүлнэ гэсэн үг гэж ойлгодог. Ингэхгүйгээр гадаад хэл сурах судлах тухай ярилцахад үнэхээр учир бүтүүлэг хэрэг болох юм. Үндэстний сэтгэлгээ гэдэг бол чухамдаа тухайн соёл-хэлт үндэстний эдийн болон оюуны соёлын хувьсал хөгжлийн үйл явц ч, үр дүн ч мөн юм” хэмээсэн байдаг.
Мөн тэрээр “Ямар нэг гадаад хэлийг сурч эзэмшинэ гэдэг бол тухайн хэлийг төрөлх хэлээ болгосон үндэстэн угсаатны ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан байдлыг буюу сэтгэхүйн онцлогийг нь зөв таньж ойлгоод, улмаар түүнийгээ өөрийн унаган соёл, сэтгэлгээний онцлогтой харьцуулж, нийтлэг ба ялгаатай талыг нь зөв илэрхийлж, төгс харилцах арга ухаанд суралцана гэсэн үг гэдгийг төдийлөн анхаарч байгаагүй юм байна. Ялангуяа харилцаж байгаа хоёр үндэстний соёлын ялгаа хэчнээн их байх тусам түүний зөв уялдуулж эзэмших арга зам нарийн төвөгтэй болдог ажээ. Гэвч хэл, соёлын иймэрхүү ялгаатай байдлыг давж туулснаар тухай хүний мэдлэг ухаан арвижиж, сэтгэлгээний цар хүрээ өргөждөг учраас энэ үйл ажиллагаа бол хүний танин мэдэхүйн хөгжлийг ач холбогдолтой (2016) гэжээ.
Ийнхүү профессор Ж.Баянсан үндэстний хэл, соёл, сэтгэлгээг судлахын зэрэгцээ хэл эзэмшихүй, хэл соёлоо өөр үндэстэнд хэрхэн заан сургах, орчуулж тайлбарлах талаар олон чухал санаа дэвшүүлжээ. Тэрбээр Е.М.Верещагин, В.Г.Костомаров нарын хэл орон судлалын (лингвострановедение) арга (1983), мөн Chang Zongling-ийн “гадаад хэл, соёлыг аль алиныг нь төлөвшүүлэх арга зам (“second language and cultural acquisition”), Li Zuo Ven, Zheng Zhao Hong нарын “соёлыг цогцлоох үрийг суулгаж өгөх” (cultivation of “cultural creativity”) зэрэг шинэлэг аргуудын тухай ч дурдсан байдаг.
Оросын эрдэмтэн Е.М.Верещагин, В.Г.Костомаров нарын боловсруулсан лингвострановедение аргын гол агуулга нь хэл сурах гэдэг нь зөвхөн дүрэм, үг цээжлэх биш, “соёл эзэмших үйл явц”, “гадаад хүн орос хэлийг сурч байна гэдэг нь оросын ард түмний ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээний хэв маяг, харилцааны ёс зүйг эзэмшиж байна гэсэн үг” юм. Өөрөөр хэлбэл, орос хэлний үг, хэллэг (хэлц), дүрэм зэргийг дан ганц хэлний талаас бус, тухайн ард түмний соёл, сэтгэлгээ, зан заншилтай нь уялдуулан заах ёстой гэж үзжээ.
Үнэхээр, Сүүлийн үед хэл эзэмшихүй, гадаад хэл сурахуй гэдгийг шинээр харж, тайлбарлах болсон бөгөөд энэ чиглэлийн хэл сурах, сургах арга зүй хөгжсөөр байна. Эдгээрийн нэг нь гадаад хэл заах “Intercultural language teaching” (ILT) арга юм.
Уг онолыг Клэйр Крамш (Emeritus Professor Claire Kramsch, University of California, Berkeley), Майкл Байрам (Emeritus Professor Michael Byram, University of Durham) нар үндэслэн боловсруулжээ.
Клэйр Крамш анх 1993 онд “Context and Culture in Language Teaching” бүтээлдээ хэл соёлын салшгүй холбоотойг тайлбарлахын зэрэгцээ, хэл сурна гэдэг нь соёлд суралцах үйл явц бөгөөд шинэ соёлд суралцагч нь бусдыг шууд дууриах бус, харин хоёр соёлыг харьцуулангаа, шинээр өөрийн гэсэн байр суурь (Third place)-тай болох нь чухал гэсэн санааг дэвшүүлсэн байдаг.
Харин Майкл Байрам бол орчин үеийн intercultural language teaching чиглэлийн гол онолч, “хэл + соёл + иргэншил” гэсэн гурвалсан хандлагыг боловсруулсан нэртэй эрдэмтэн юм. Тэрээр ILT-ийн гол зорилгыг тодорхойлохдоо таван төрлийн мэдлэг, чадвар, хандлагыг зайлшгүй хөгжүүлэх ёстой гэж үзсэн. Тэдгээрийг франц үгээр нэрлэсэн байдаг.
Byram-ын “Savoirs” загвар (1997)
1. Savoir-être (Attitudes)
2. Savoirs (Knowledge)
3. Savoir-comprendre (Skills of interpreting & relating)
4. Savoir-apprendre / savoir-faire (Skills of discovery & interaction)
5. Savoir s’engager (Critical cultural awareness)
ILT арга нь суралцагчийг зөвхөн “цэвэр ярьдаг хүн” (native-like speaker) болгох биш, харин өөрийн болон бусдын соёлыг хүндэтгэн, харилцан ойлгож чаддаг (intercultural speaker) “соёлын харилцааны гүүр” болдог хүн болгон хөгжүүлэх зорилготой.
Уг онолоор, сурагч “ямар нэгэн хэлээр ярих”-даа биш, харин тухайн ард түмний сэтгэлгээ, үнэт зүйл, зан үйлийг ойлгох, мөн өөрийн эх соёлоо сурч мэдэхийн зэрэгцээ өөр бусдын соёлыг танин мэдэх, тэдгээрийг харьцуулан дүгнэж, ижил ба ялгаатай талыг ойлгож сурахыг чухалчилдаг. Харин багш “соёлын зуучлагч” (cultural mediator) болох бөгөөд зөвхөн хэлний дүрэм заах биш, тухайн хэлний илэрхийллийн соёлын кодыг тайлж өгөх, улмаар суралцагчдыг соёл хоорондын харилцаанд орох чадвартай (intercultural competence) болгоход онцгой анхаарах ёстой.
Үүнтэй төстэй Intercultural Langauge Learning (IcLL) аргыг 2003 оноос Австралийн эрдэмтэд болох Энтони Ж.Лиддикоат (Anthony J.Liddicoat), Анжело Скарино (Angelo Scarino), Константин Парадмитри (Constantine Parademetre), Мэри Кохлер (Mary Kohler) нар боловсруулсан хөгжүүлсээр байна.
Дараагийн нэг чухал арга бол Шведийн боловсрол судлаач, Карлстадын их сургуулийн профессор Бо Дахлин (Bo Dahlin)-ийн 1997-2001 онд боловсруулсан Cognitive Cultural Didactics юм. Гадаад хүнд өөрийн орны соёл, ёс заншлыг заахдаа когнитив онол болон phenomenological хандлагыг хэрхэн ашиглах, тухайлбал, когнитив боловсрол, соёлын контекст, ёс зүй ба ардчиллын үнэт зүйлсийг сургалттай уялдуулахыг чухалчилдаг арга юм. Түүний онол нь Жан Золингийн хэл ба соёлын когнитив судалгаатай зарим талаар уялддаг бөгөөд аль аль нь тухайн үндэстний хэл, соёл, сэтгэлгээг суралцахуйн зорилгоо болгодог.
Мөн 2011 онд Фарзад Шарипиан (Farzad Sharifian, pioneer of cultural linguistics and held the Chair in Cultural Linguistics at Monash ) "Cultural Conceptualisations and Language" хэмээх бүтээл туурвисан бөгөөд тэрээр гадаад хэл сурах нь зөвхөн үгсийг сурах биш, тухайн үндэстний соёл, түүхийг ойлгох үйл явц гэдгийг онцолсон байдаг.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл, дэлхий дахинд ид хүчээ авч буй энэхүү үзэл онолыг үндэслэн хөгжүүлж буй хүмүүсийн тоонд Монголын эрдэмтэн Журын Баянсангийн судалгаа зүй ёсоор орж байна.
МУИС-ийн багш Чойжанцангийн Баттулга