
Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал болон вакцинтай холбоотой асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.
Тэрээр "Монгол Улсад гараад байгаа малын гоц халдварт өвчин гараад байна. Шүлхий өвчин долоон төрөл байдаг. Манай улсад өмнө нь О, А хэвшлийн халдвар гарч байсан. Гэтэл тавдугаар сарын 22-ноос өмнө нь гарч байгаагүй САТ-1 гэх төрлийн өвчин Баян-Өлгий, Ховд аймгуудад гарсан. САТ-1-тэй тэмцэхийн тулд хөл хорио тогтоох, устгах, дархлаажуулалт хийх шаардлагатай. Дархлаажуулалтын асуудал дэлхий нийтэд тулгамдаж байна. Бид Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаад, вакцин худалдаж авахаар ажиллаж байна. Энэ төрлийн вакциныг хоёр улсад л үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр маш их хүлээгдэлтэй байна. Бид ОХУ-аас вакцин худалдаж авахаар ажиллаж байна.
Монгол Улсад энэ өвөлжин О хэвшлийн шүлхий гарсан. Гэтэл тарилга хийсэн үхрээс О хэвшлийн шүлхий гарч байна. Тодруулбал, Төв, Өвөрхангай, Дорнод зэрэг урьдчилсан сэргийлэх тарилга тарьсан аймгуудад О хэвшлийн шүлхий гараад байна. Энэ дээр хариуцлагын асуудал яригдах хэрэгтэй. Вакцины чанарын асуудал яригдана. Хоёрдугаарт, вакцин тарьсан эсэх асуудал үүснэ. Тариулаагүй бол яагаад тариулаагүй гэдгийг ярих ёстой. 1000 гаруй мал эмнэлгийн мэргэжилтнүүдээр маш их төсөв зарцуулж вакцинжуулаад байхад О хэвшлийн шүлхий гараад байна гэдэг утгагүй.
САТ-1 хэв шинжийн тухайд Баян-Өлгий аймгийн хоёр, Ховд аймгийн хоёр сумын 10 голомтонд халдвар тархсан. 1000 гаруй малыг устгасан. Вакцинаас бусад ажлууд хийгдэж байна. Одоо вакцинаа хурдан авна. Авсан вакцинаа хэрхэн хийхээ төлөвлөж байна. Шүлхийн вакциныг жилд хоёр хийдэг. Сая шүлхийн хоёр тарилга хийсэн. Гэвч зөвхөн О, А хэв шинжийн вакцин хийсэн.
Нөхөн төлбөрийн асуудал яригдана. Малчны хотонд буй малыг устгаж байна. Тэгэхээр нөхөн төлбөрийн асуудалтай холбоотой хуулийн заалт бий" гэв.