
Төрийн байгууллагын коридорт орогнож, өөрийгөө ажилтан мэтээр итгүүлэн иргэдийг залилж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Тодруулбал, иргэн С нь хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулж өгнө хэмээн бусдыг төөрөгдүүлж, 90 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн иргэдээс байрны урьдчилгаа нэрээр нийт 300 сая төгрөг авахаар тохиролцсон нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.
Тухайн этгээд нь өмнө нь ажиллаж байсан байгууллагынхаа коридорт нууцаар орогнож, өөрийгөө тус төрийн байгууллагад аудитороор ажилладаг хэмээн танилцуулж, хуурамч баримт бичиг үйлдэн иргэдийг залилдаг байжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай, тусгай нөхцөл бүхий орон сууцны зээлд хамруулна хэмээн хуурч залилдаг байсан нь тогтоогдсон байна.
Одоогоор уг этгээдтэй холбоотой хэрэгт цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Сүүлийн үед ийм төрлийн зохиомол нөхцөл байдал бүрдүүлж, иргэдийг төөрөгдүүлэн залилан, мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан анхаарууллаа. Иймд иргэд аливаа ашигтай санал, амлалт хүлээн авахдаа сайтар нягталж шалгахыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.