
Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр нөөцийн мах худалдаанд гаргасан. Мөн хоёрдугаар сарын 5-наас өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, долоо хоног бүрийн гурван өдөр есөн дүүргийн есөн байршилд иргэдэд хүргэж байгаа аж.
Энэ жил нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах зорилгоор нийт 5016 тонн мах бэлтгэжээ. Үүнээс 2000 гаруй тонныг үхрийн мах, 3000 гаруй тонныг хонины мах эзэлж буй. Мах бэлтгэл, нийлүүлэлтэд есөн аж ахуйн нэгж оролцож, түгээлтийг хийж байгааг УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн мэдээлжээ. Тэрээр “Гадуур нэг кг мах 32-34 мянган төгрөгт хүрсэн гэх мэдээлэл байна. Зэрэглэл өндөртэй зах, худалдааны төвүүдэд энэ үнээр зарагдаж байна. Сүүлийн долоо хоногт Дэнжийн мянгад жижиглэнгийн худалдаа 26-29 мянган төгрөгийн ханштай байна. Харин малчдаас шууд худалдан авахад үхрийн мах 21-24 мянган төгрөг, хонины мах 16-18 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Харин лангуун дээр тодорхой хэмжээний нэмэгдэлтэй худалдаалагдаж байна. Мөн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа учраас махны чанар, аюулгүй байдал сайтар хангагдсан. Энэ жилийн хаврын улирлын махны хэрэгцээнд нөөц хангалттай байгаа. Иргэдийг идэш бэлтгэлийн үеэр махаа нөөцлөхийг уриалж байна” гэв.