
Нэг танхимд 81 улсын байр суурь, дөрвөн хэлээр өрнөх мэтгэлцээн, дэлхийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх гэсэн 240 гаруй сурагчийн оролдлого. Энэ бол “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн арав дахь удаагаа зохион байгуулж буй Elite International Model United Nations (EIMUN) буюу НҮБ-ын загвар хуралдаан юм. Энэ удаагийн хуралдаанаар цагаачдын эрхийг хамгаалах асуудлыг сурагчид хэлэлцэж байна. Гэхдээ энэ танхимд өрнөж буй үйл явц зөвхөн олон улсын асуудлыг хэлэлцэхээр хязгаарлагдахгүй. Судалгаа хийх, баталгаатай сурвалж олох, илтгэх, мэтгэлцэх, бусдыг сонсох, багтайгаа хамтран ажиллах гээд ирээдүйд ямар ч мэргэжил эзэмшсэн хэрэг болох чадварууд энд давхар төлөвшиж байна.
20 төлөөлөгчөөс 240 гаруй оролцогч хүртэл
Арван жилийн өмнө 20 орчим төлөөлөгчтэй эхэлсэн хурал өнөөдөр 240 гаруй оролцогчтой болж өргөжжээ. “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн захирал О.Энх-Амгалангийн хэлснээр, загвар хуралдаан нь хүүхдүүдэд дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг тухайн улсын өнцгөөс харж, байр сууриа илэрхийлэн, мэтгэлцэх боломж олгодог. Тэрээр “Анх 20 төлөөлөгчтэй хурал зохион байгуулж байсан бол өнөөдөр 240 болтлоо өргөжсөн. Энэ загвар хуралдааныг бий болгосноор хүүхдүүд асар олон зүйлд суралцдаг. Ивээн тэтгэгч хэрхэн олох, хурлыг мэргэжлийн түвшинд яаж зохион байгуулах, зочин илтгэгчээ хэрхэн урих гээд олон талын туршлага хуримтлуулдаг. Энэ хурлыг зохион байгуулсны дараа хүүхдүүдэд юу үлддэг вэ гэвэл аливаа нэг төслийг эхнээс нь дуустал нь аваад явах тэр бүх хугацаанд суралцсан зүйл үлддэг гэсэн үг. Сурагчид маань нүүрэндээ инээмсэглэлтэй, бахархал дүүрэн зогсож байгаа нь хийсэн зүйлээрээ бахархаж байгаагийн илрэл. Энэ жил загвар хурлыг зохион байгуулж ирсний 10 жилийн ой тохиож байгаа учраас Монголынхоо сургуулиудыг урих төдийгүй гадны сургуулиудаас сурагчид урьж цар хүрээгээ тэллээ. Энэ удаад Өмнөд Солонгосоос сурагчид урьсан ч цаашдаа өөр улсын сурагчдыг урьж оролцуулах хөтөлбөр төлөвлөгөөтэй байгаа” хэмээн онцоллоо. Тэгвэл арван жилийн хугацаанд өргөжсөн энэ арга хэмжээ сурагчдын хувьд ямар өөрчлөлт авчирч байна вэ?
Наймдугаар ангиасаа эхэлсэн дипломат аялал
Энэ жилийн хуралдааны ерөнхий даргаар ажиллаж буй 12б ангийн сурагч Марал-Үжин наймдугаар ангиасаа EIMUN-д оролцож эхэлжээ. Түүний хувьд загвар хуралдаан гэдэг нь өөрийгөө таньж, чадвараа хөгжүүлсэн олон жилийн туршлага юм. Тэрээр “Наймдугаар ангиасаа энэ хуралд оролцож эхэлсэн. Тэр үеийн өөрийгөө одоогийнхтойгоо харьцуулахад уран илтгэл тавих чадвар сайжирсан. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар их зүйл сурч, шийдэл олж чаддаг болсон. Үүний зэрэгцээ олон найзтай болж, хүрээллээ тэлсэн” гэж ярив.

Үзэл бодлоос илүү баримт чухал
АНУ-ыг төлөөлөн Мансууруулах бодис болон гэмт хэргийн асуудал эрхэлсэн хорооноос оролцож буй С.Тэнүүн-Эрдэнэ энэ удаагийн загвар хуралдаанд анх удаа оролцож байгаа аж. Түүний хувьд олон улсын мэтгэлцээний туршлагаас гадна аливаа мэдээллийг хэрхэн нягталж, баталгаатай эх сурвалж олох талаар суралцаж байгаа нь онцлог гэв. “Судалгаа хийх, үнэн зөв мэдээлэл олох, тухайн улсынхаа баталгаатай эх сурвалжийг ашиглах зэрэг олон зүйлд суралцаж байна. Өөрийн төлөөлж буй улсын байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ олон хүнтэй зөв харилцах шаардлагатай” хэмээн тэр ярив.

Энэ бол цахим орчинд мэдээлэл асар хурдтай тархдаг өнөө үед зөвхөн загвар хуралдаанд оролцож буй хүүхдүүдэд бус хүн бүрд хэрэгтэй чадвар. Ямар нэг асуудлаар байр суурь илэрхийлэхийн өмнө мэдээллийн эх сурвалжийг шалгах, баримтыг үзэл бодлоос ялгах, бусдын үндэслэлийг сонсох шаардлагатай.
НҮБ-ын загвар хуралдаанд сурагчид өөрийн хувийн бодлыг шууд илэрхийлэхээс илүүтэй төлөөлж буй улсынхаа бодлого, ашиг сонирхлыг судлан хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, өөртэйгөө санал нийлэхгүй байр суурийг ч ойлгож, түүнийг үндэслэлтэй тайлбарлах хэрэг гарна. Энэ чадварыг илүү нарийн түвшинд хөгжүүлдэг хороодын нэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл юм.
Асуудлаас илүү шийдэл
“Энэ бол НҮБ-ын хамгийн гол хороодын нэг. Таван улс байнгын суудалтай. Жил бүр хүнд түвшний хэлэлцүүлэг өрнөдөг” хэмээн Аюулгүйн зөвлөлийг төлөөлөн оролцож буй Ё.Ариун-Үйлс тайлбарлав. Тэрээр EIMUN-д гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд өмнө нь хүүхдийн эрх, зэвсэг хураах асуудал эрхэлсэн хороодод ажиллаж байжээ. Өөр өөр сэдэв, өөр өөр хороонд оролцох тусам асуудлыг нэг талаас нь харах боломжгүйг ойлгосон байна. “Энэ хурлаас сурч авсан гол зүйл бол хэрхэн шийдэл гаргах вэ гэдэг” гэж тэр товчхон хэлэв.

Харин эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж буй 11б ангийн сурагч М.Төр-Өрнөх дэлхийн асуудлыг өөр, өөр улсын өнцгөөс харах нь мэдлэгийн хүрээг тэлдэг гэж үзэж байна. Тэрээр есдүгээр ангиасаа эхлэн оролцож, гурав дахь жилдээ EIMUN-д ажиллаж байгаа. Өнгөрсөн жил хар тамхитай тэмцэх хороонд оролцохдоо мансууруулах бодисын хор уршгийн талаар илүү ихийг мэдэж авчээ. “Зөвхөн Монгол Улсын өнцгөөс дэлхийн улсуудыг харах биш, өөрийн төлөөлж буй улсыг сайн судалж, тэр улсынхаа байр сууринаас ярих юм бол мэдлэг илүү тэлнэ” хэмээн тэр онцоллоо.

Дөрвөн хэлээр өрнөх мэтгэлцээн, хил давсан хамтын ажиллагаа
Энэ жилийн EIMUN-ийн бас нэг онцлог нь англи, монгол, япон, орос хэлээр мэтгэлцээн өрнөж буй явдал. Энэ нь оролцогчдод мэдлэгээ бусадтай хуваалцахын зэрэгцээ өөрийн үзэл бодлыг өөр хэлээр илэрхийлэх боломж олгож байна. 12-р ангийн сурагч М.Ану-Үжингийн хэлснээр хуралд оролцох хүсэлтэй сурагч олон байдаг бөгөөд тэднээс сонгон шалгаруулалт хийх нь зохион байгуулагчдын өмнө тулгардаг нэгэн сорилт гэдгийг хэллээ.

Энэ нь EIMUN сурагчдын дунд хэр их сонирхол татаж, өөрсдийгөө сорих боломж гэж үнэлж байгааг харуулна. Гэхдээ хуралдааны цар хүрээ зөвхөн нэг сургуулийн сурагчдаар хязгаарлагдахгүй байх зорилго энэ жилийн ойтой давхцаж байна. О.Энх-Амгалан захирлын хэлснээр энэ жилийн загвар хуралдаанд арван жилийн ойгоо тохиолдуулан Монголын бусад сургуулиудын сурагчдыг урьж оролцуулахаас гадна гадаадын сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Энэ удаад БНСУ-аас таван сурагч оролцсон бөгөөд цаашид бусад улсын сурагчдыг ч хамруулах төлөвлөгөөтэй байна. Өөр өөр орчин, соёл, боловсролын тогтолцоотой хүүхдүүд нэг танхимд цуглах нь хэлэлцүүлгийн агуулгыг баяжуулахаас гадна сурагчдын харилцаа холбоог олон улсын түвшинд өргөжүүлэх боломж юм.

Ийнхүү арван жилийн өмнө цөөн сурагчийн оролцоотой эхэлсэн санаачилга олон улсын хамтын ажиллагаа руу тэлж байна. Өнгөрсөн энэ хугацаанд нэг нь олон хүний өмнө өөртөө итгэлтэй ярихыг сурч, нөгөө нь баталгаатай эх сурвалж ашиглахын чухлыг ойлгосон байна. Зарим нь асуудлыг шийдэх арга зам хайж, зарим нь бусдын байр суурийг ойлгон, харилцан зөвшилцөх шаардлагатайг мэдэрчээ. Харин зохион байгуулагчдын хувьд хариуцлага хүлээж, баг удирдан, олон хүний оролцоог нэг зорилгод чиглүүлэх туршлага хуримтлагдаж байна. Сурагчид дэлхийн асуудлыг баримтад тулгуурлан ойлгож, бусадтай зөвшилцөж, шийдэл эрэлхийлж чаддаг иргэн болон төлөвшиж байна.