
Бээжингийн эсэргүүцлийн улмаас олон улсын тавцанд мандуулахыг нь ихэвчлэн хориглодог Тайванийн асар том далбааг мандуулжээ.
Тайванийн далбаа унжуулсан АНУ-д үйлдвэрлэсэн «Чинук» нисдэг тэрэг Тайбэй хотын дээгүүр ниссэн нь тус улсын Үндэсний баярын хамгийн анхаарал татахуйц мөчүүдийн нэг байв.
2019 оноос хойш эрчимтэй нэмэгдэж Хятадын дарамт дор үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Тайванийн арми жил бүрийн аравдугаар сарын 10-нд тэмдэглэдэг Үндэсний баярын үеэр асар том далбааг нисгэдэг уламжлалтай болжээ. Далбаа Ерөнхийлөгчийн ордны дээгүүр нисэх зуурт төрийн дууллаа эгшиглүүлдэг байна.
Ерөнхийлөгч Лай Чин-дэ бямба гаргийн өглөө бодлогын зорилтуудаа танилцуулж, Хятадтай харилцах харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн гол илтгэлээ тавина.
Ардчилсан тогтолцоотой Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Хятад улс Тайбэйтэй харилцах улс орнуудын харилцааг хязгаарлах хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байна. Тухайлбал, Олимп зэрэг спортын тэмцээнд Тайванийн далбааг гаргахыг хориглодог. Тайвань эдгээр тэмцээнд «Хятадын Тайбэй» (Chinese Taipei) нэрээр оролцож, тусгайлан зохион бүтээсэн өөр бэлгэ тэмдэг ашигладаг юм.
Хоёр талын аль нь ч нөгөөгөө албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй.
Өнгөрсөн жил Лайгийн илтгэлийн дараа Бээжин түүнийг «үймээн дэгдээгч, аюул заналхийлэл үүсгэгч, дайн өдөөгч» хэмээн нэрлэж байв.
Энэ долоо хоногт болсон бэлтгэл сургуулилтад оролцсон нисдэг тэрэгний нисгэгчдийн нэг, 40 настай Линь Чан-чэн Ройтерс агентлагт “Бид олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд үнэхээр их дарамт, хавчлагад өртөж ирсэн учраас төрийн далбаагаа мандуулж буйг харах нь сэтгэл хөдөлгөм мөч байдаг. Энэ тохиолдолд бүр ч илүү байлаа” хэмээн ярьсан байна.
Тайванийн Үндэсний баярыг 1911 оны бослогын ойгоор тэмдэглэдэг. Тус бослогоор Хятадын сүүлчийн эзэнт гүрнийг түлхэн унагаж, Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулсан юм.
1949 онд Мао Зэдуны удирдсан коммунистуудтай хийсэн иргэний дайнд ялагдсаныхаа дараа БНХУлсын засгийн газар Тайвань руу дүрвэн шилжжээ. Харин коммунистууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласан юм. Бүгд Найрамдах Хятад Улс гэдэг нь Тайванийн албан ёсны нэр хэвээр байна.