
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт үүсмэл ордын хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Монгол Улсын Их хурал 2007 онд стратегийн ордуудын жагсаалтыг баталсан. Ингэхдээ стратегийн ордуудын 34-50 хүртэлх хувийг төр эзэмших ёстой гэх хуулийг баталсан. Харамсалтай нь, энэ хууль хэрэгжихгүй 20 орчим жил болж байна. Тиймээс бид 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн тус заалыг амилуулах зорилгоор 2022 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль баталж, Монгол Улсын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлж, ногдол ашиг өгдөг болохоор болсон. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан.
Юуны өмнө, өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт" орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван компанийн 34-50 хүртэлх хувийг төрд авах хэлэлцээр эхлүүлсэн. Эхний ээлжид Эрдэнэтийн овоолго дээр үйл ажиллагаа явуулж байгаа "Ачит Ихт" компанийн тодорхой хувийг төрд үнэ төлбөргүй авахаар болсон. Бусад стратегийн ордууд дээр хэлэлцээр хийхээр төлөвлөж байна" гэв.