Авсан морь нь түрүүлэхэд тэдний самсаа шархирдаг юм байж. Амьтны хүүхэд гэмтэхэд тэдний яс шархирахгүй.

Хөгжлийн банк, Дарханы замын тендерийн хэрэг дээр Зам, тээврийн дэд сайдаар ажиллаж байсан нэгний Васильевс үүлдрийн орос азарга яригддаг. Тэр улстөрч замын компанийн тусгай зөвшөөрлийг сунгахад дэмжлэг үзүүлснийхээ “урамшуулал” болгон дээрх “Васья” гэж дууддаг 150 сая төгрөгийн үнэтэй хурдан азарганыхаа 70 саяыг захирлаар нь төлүүлсэн юм. Адууны бизнес хэдэн арваас, хэдэн зуун саяар яригддаг. Ямар ч байсан төрд олон жил ажилласан уяачид авлигын замаар олдсон азарга 150 сая төгрөгийн үнэтэй байжээ гэж.

Тэгвэл уяач нар уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хэдэн төгрөгийн үнэтэй хэрэглэлээр хамгаалдаг бол. Морин тойруулгын унаач (jokey)-д гаднынхан 300 ам.долларын дуулга өмсүүлдэг юм байна. Харин Монголд MNS 6264:2018 стандарт хангасан гэх “тусгай зориулалтын хамгаалалтын хувцас”-ыг багцаар нь интернэтээс хайхад бөөний үнэ 100 мянган төгрөг. Үүнд дуулга, мөр, тохой, өвдөг, шилбэ, цээжийн хамгаалалт багтаж байна. Бид Улаанбаатар хотын “Нарантуул” захын замын урд талын малчны дэлгүүрүүдээр орлоо. 150-170 мянган төгрөгт багцаар нь зарж байна. 170 мянган төгрөгийн багцын дуулга буюу хамгаалалтын малгайг 75 мянган төгрөгөөр худалдаж аваад сургалтын бэйсболын модон цохиураар хүчтэйхэн дэлсэхэд хага үсэрч байна. Арай үнэтэй, сайныг нь туршиж байхад арай ч дээ.

Гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан улсын хэмжээнд уралдаанч хүүхдийн бүртгэл явуулахад 2024 оны байдлаар 11537 хүүхэд бүртгүүлжээ. Нүүдэлчдийн өв, адууны соёл чухал боловч хурдан морины нуруун дээр гарах хүүхдүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг бид нэгдүгээрт тавих ёстой. Араб азарга, адууны тэжээл, малын тарианд мөнгө хайрладаггүй бизнесмэн уяач нар харин “хүүхдийн эрх” гээчийг адгуусны уралдаан, түүнийг дагаж өөрт нь ирэх цол гуншин, ашиг хонжооноос багад үзэж ирлээ. Аргагүй дээ, дээрх 11537 хүүхдээс 1000 гаруй нь л уяачийн өөрийнх нь хүүхэд байна. Нарийн хэлбэл, энэ 1000 уралдаанч бол морио зүчээнд тэжээж өөрсдөө хотод амьдардаг уяачдын хүүхдүүд биш. Харин алс хөдөөд нүүдлийн соёл иргэншлийг өвлөн тээж яваа малчин ардын хагас зэрлэг монгол адууг унаж хурдалдаг хүүхдүүд нь байгаа даа.

Тоо худал хэлэхгүй

Уяачдын холбооны дарга нар гэх хэсэг нөхөр өвөл, хаврын уралдаанд хүүхэд мордуулахыг хориглосон Засгийн газрын 2018, 2019 оны тогтоолыг өв соёлын хорлолоор тодруулах аж. Гэтэл Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын ерөнхий газарт албан ёсоор бүртгэлтэй хурдан морины уралдаан 2017 онд 394, 2018 онд 491, 2019 онд 172, 2020 онд 169, цар тахал дэгдсэн 2021 онд 8, 2022 онд 397, 2023 онд 353, 2024 онд 388 бүртгэгджээ. ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Будзаан харин бидэнд жилд 400-450 уралдаан болдог тухай хэлэв. Өргөн дэлгэр Монголын өнцөг булан бүрт уралдуулсан болгоныг бүртгэж чадахгүй гэж үзэхэд өв соёл замхраагүй, морины уралдаан цөөдөөгүйг дээрх статистик тодорхой харуулж байна. Өөрсдөө -20, -30 хэмд салхи сөрөөд 5 км гүйж чадахгүй хотын уяач нар дүн өвөл, хахир хавраар амьтны хүүхдийг 20, 30 км давхиулж цэнгэлээ эдлэх гэж байхгүй юу. Авсан морь нь түрүүлэхэд тэдний самсаа шархирдаг юм байж. Амьтны хүүхэд гэмтэхэд тэдний яс шархирахгүй.

Дахиад статистик дурдахад, 1996 оноос өнөөдрийг хүртэл хурдан морины уралдааны үеэр 52 хүүхэд амиа алдсан байна. 2017-2024 онд 24 хүүхэд нас барсан юм. Тодруулбал, 2022 онд 85 хүүхэд бэртэж, 6 нь амиа алдсан. 2023 онд 149 хүүхэд гэмтэж, 4 нь амиа алдсан. 2024 онд 212 хүүхэд гэмтэж, 4 хүүхэд амиа алджээ. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд байгаа тоо. Тус төвд 2017-2024 онд мориноос унаж гэмтсэн 1115 хүүхэд хандсан. Хүүхдүүдийн 524 нь толгойдоо гэмтэл авсан байжээ. Сум, аймаг, бүсийн эмнэлгийн тоог энд дурдсангүй. Нэгтгэсэн тоо өнөөдрийн байдлаар алга. Унаж гэмтэхэд нь сэгсрээд босгочихдог, давстай цайгаар ороогоод аргалчихдаг монгол маягийн эмчилгээ бүр ч бүртгэлгүй нь мэдээж.

ГССҮТ-д бүртгэснээр 2017-2024 онд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр 16 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, үлдсэн насандаа бусдын асаргаанд шилжжээ. 68 хүүхэд бугуй болон сарвууны, 27 хүүхэд өвдөг болон шилбэний, 25 хүүхэд тохой ба шууны, 19 хүүхэд хүзүү болон мөрний, 13 хүүхэд шагай болон тавхайн, 10 хүүхэд түнх болон гуяны, 7 хүүхэд цээжний, 5 хүүхэд хэвлийн гэмтэл авсан байна. Тэр хүүхдүүд хамгаалалтын хувцастай байсан.

Хамгаалалтын хувцас өмсгөхгүйгээр хурдан моринд мордуулсны улмаас хүүхэд нас барсан, гэмтсэн тохиолдол бишгүй. Бид ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс 2019-2024 онд шүүхээр орсон хэргийг татаж үзлээ. Налайх дүүрэг, Завхан, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Төв, Дундговь аймагт болсон уралдаанд хамгаалах хувцасгүй хүүхэд тархиа цөмлүүлж, нугасаа таслуулж нас барахад хариуцлагагүй уяачид шүүх 1-2 жилийн тэнсэн харгалзах ял өгсөн байна.

“Хүний амь насыг болгоомжгүй хохироох” гэдэг зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгээд, оноосон ял нь энэ. Хүүхдийн амь насыг гаргуунд гаргасан дээрх тохиолдлуудад уяач нар нь нөхөн олговор өгөхгүй, багыг өгнө гэж үлдсэн аав, ээжтэй нь шүүхээр заргалдсан байх юм.

Архиваас шүүгээд олддоггүй өвөл, хаврын уралдаан

Хууль зүйн доктор, уяач Б.Гүнбилэг 2015 онд НҮБ-ын төслийн санхүүжилтээр ХЭҮК-ын захиалгаар “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” сэдэвт судалгааг хийсэн. Судалгааны багийнхан Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 1803-1920 оны Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзээд өвөл, хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулсан түүхэн баримт олоогүй юм. Харин монголчууд 5-8 дугаар сард даншиг наадмаа хийдэг байсныг тогтоожээ. Бүр сүүлд ХХ зууны сүүлээр хаврын улиралд мэр сэр, цаашлаад 2004 оноос Засгийн газрын тогтоолоор зохион байгуулах болсныг судалгаандаа дурдсан байдаг. “Булганхангай” морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч, “Журамт хурд” галын уяач Б.Гүнбилэгээр ахлуулсан судлаачдын эл тайлан одоо ч НҮБ-ын вебсайт болон Legaldata.mn-д бий. Судлаачид тайландаа, “Үүнээс үзвэл хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч өвөл, хаврын улиралд зохион байгуулах нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл хэмээн үзэх бодит үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод түшиглэж “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын сүлжээ”, “Монфемнет үндэсний үндэсний сүлжээ”, “Өсвөр үеийнхний хөгжлийн төв”, “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал”, “Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний зөвлөл”, “Хүүхдийн эрхийн үндэсний төв” зэрэг ТББ-ууд “Дүнжингарав” хаврын уралдааныг товлосон Засгийн газрыг захиргааны шүүхэд өгч, улмаар гурван шатны шүүх дээр ялсан юм. Засгийн газрыг шүүхэд өгч ялсан “И Эл Си” нөхөрлөлийн хуульч Х.Баасанжаргал (одоогийн УИХ-ын гишүүн) энэ ажлаараа Олон улсын хуульчдын холбооны шилдэг про-боно хуульчийн шагнал хүртсэн. Дээрх ТББ-уудыг эмэгтэйчүүд буюу эхчүүд үүсгэн байгуулж, одоо удирддаг. 2011 онд батлагдсан уралдаанч хүүхдийн хамгаалалтын стандартыг боловсруулсан судлаач Б.Нямжав мөн л бүсгүй хүн.

ХЭҮК-ын жил бүрийн тайланд дурдагдсан уралдаанч хүүхдийн эрхийн зөрчлүүдийн жишээ, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцыг сануулсан шахалт, ТББ-уудын шаардлагын мөрөөр Засгийн газраас 2018, 2019 онуудад тогтоолууд гаргаж өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулахыг, улмаар уралдааныг хориглосон байдаг. Тухайн үед Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргаар У.Хүрэлсүх ажиллаж байлаа. Монголын Морин спорт уяачдын холбоог тэргүүлдэг М.Энхболдыг УИХ-ын дарга, МАН-ын даргаас түлхэн унагасан улс төрийн үйл явдлын дараахан Засгийн газрын тогтоолууд батлагдсан байдаг юм.

Засгийн газраас хориглоод байхад хулгайгаар 2018 онд “Дүнжингарав” хаврын морин уралдаан зохион байгуулсан Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадоржийн Тод манлай уяач, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн Улсын манлай уяач цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хасаж байсан юм. Говь-Алтайн Баянтал суманд зохион байгуулсан уг уралдааны үеэр 16 хүүхэд унаж, бэртэл гэмтэл авсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын хүүхэд хамгаалалд онцгой анхаардаг, хүүхэд хамгааллын төсөв бага байна гэсэн үндэслэлээр улсын төсөвт хориг тавьж байсан үе таарч байна.

Хандлага өөрчлөгджээ

Уралдаанчийн жин морины жингийн 10 хувьд тэнцэх ёстой бөгөөд дунджаар 250 кг жинтэй адууг 25 кг жинтэй хүн унаж байж хурд гарна гэж уяач нар хүүхдээр уралдаанч хийлгэх шалтгаанаа зөвтгөнө. Дэлхийн талыг туурайгаараа тамгалж, дайчин баатар эрсийг дааж давхиж ирсэн монгол адуу хэзээ ч юм “том хүн даахгүй” гэдэг тодотголтой болчихсон юм даг.

2025 оны нэгдүгээр сард Улаанбаатарын Өлзийт хороолол, Төв аймгийн Эрдэнэ сумын зүчээний туслах уяач нар Сүхбаатарын талбайд жагсаал хийж, өвөл, хаврын уралдаанд хүүхдээр уралдаанч хийлгэхийн шаардлаа. Дараа долоо хоногийнх нь лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар өвөл, хаврын уралдаанд хүүхдээр унуулахыг зөвшөөрснөөс гадна орон нутгийн захиргаа гуравдугаар сарын 1-нээс өөрсдөө товлоод уралдуулж болно гэж шийдсэн тухай Хүүхэд, гэр бүл хариуцсан сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Хүүхэд хариуцахаас гадна өмнөх Засгийн газарт боловсрол хариуцаж байсан сайд шүү дээ. Түүний энэ мэдэгдэл нийгэмд үнэхээр доргио өгснөөс гадна Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг даргалдаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг харгис бодлого гаргасныг олон нийт шүүмжилсэн.

Олон нийтийн шүүмжлэл хүчтэй байсан нь иргэдийн хандлага, хүүхдийн эрхийг ойлгодог байдал сайжирсан нь тэгэхэд мэдрэгдэж байлаа. Энэ л ойлголтыг төлөвшүүлэхэд хүний эрхийн байгууллагууд сүүлийн 20 гаруй жил ажилласан шүү дээ. НҮБ ч Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцыг Засгийн газарт сануулж мэдэгдэл гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Засгийн газрыг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөө илэрхийлж, түүнтэй А.Ариунзаяа, О.Саранчулуун, М.Нарантуяа-Нара, Г.Лувсанжамц нар нэгдэв. Хуульчдын холбоо, ХЭҮК, олон ТББ мэдэгдэл гаргаж Засгийн газрыг алдаагаа залруулахыг шаардсан. Тод манлай уяач Ц.Дуламсүрэн тэргүүтэй уяач нар хүүхдийн эрхийн төлөө байгаагаа хатуу илэрхийлцгээж байв.

Хүүхдийн эрхийн төлөөх хүн бүрийн үг хүчтэй байсан учраас Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний тогтоол албажиж гарахдаа 18 насанд хүрээгүй хүнээр өвөл, хаврын цагт морь унуулахыг хориглож гарсан. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт үүрэг болгосон юм. Өв соёлын нэрээр морийг бизнес болгохдоо өнгөрсөн хугацаанд уралдаанч хүүхдийн төлөө юм хийгээгүй нөхөд Засгийн газрын 2025 оны тогтоолыг дахиад эсэргүүцсэн. Тэд “Тогтоолоо өөрчлөхгүй бол 21 аймагт нэг ч уралдаан хийлгэхгүй байж чадна. Хүүхдээр хаврын уралдаанд морь унуулахыг зөвшөөрөх хэрэгтэй” гэв. Морины уралдаанаар бойкот хийж байгаа нь энэ юм байх аа.

Нарийн яривал, Үндэсний баяр наадмын тухай хуульд зааснаар үндэсний баяр наадмын хурдан морины уралдааныг найм болон түүнээс дээш насны хүүхэд унахыг зөвшөөрсөн зохицуулалт ч Монголын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг зөрчдөг.

Хүний эрхийн ТББ-ууд, ХЭҮК-т монгол хүн ажилладаг учраас Төрт ёсны түүхэн уламжлал, өв соёлын илэрхийлэл түмний наадмынхаа хурдан морины уралдаанд томчуудаар унаач хийлгэе гэж шахахгүй байгаа шүү дээ. Яг конвенц, олон улсаас ирсэн зөвлөмжийг харвал 18, адаглаад 16 настнаар уралдаанч хийлгэх ёстой юм билээ. Тийм учраас олон хүүхдийн амь насаар бичигдсэн Засгийн газрын тогтоолыг өөрчлөх шалтгаан үнэхээр үгүй юм.