
Олон улсын гүйлт “Улаанбаатар марафон” 58 хоногийн дараа болно. Тодруулбал, ирэх тавдугаар сарын 23-ны бямба гарагт уралдаан болж энэ жилийн ялагчид тодрох юм.
Нийслэлийн биеийн тамир, спортын газраас 42 км 195м болон 21 км 095м зайн гүйлтийн албан ёсны маршрутыг өчигдөр баталжээ. Энэ удаагийн замын хэмжилтэнд Азийн хөнгөн атлетикийн холбооны мэргэжилтэнд оролцсон байна. Уг маршрут нь тамирчдын гүйлтэд таатай байхаас гадна Улаанбаатар хотын төвийн гол гудамж, өргөн чөлөөг хамарснаараа онцлог болжээ.
21 км 095м зайд гүйх гүйгчид төв талбайгаас гараа хийж зүүн дөрвөн зам, “Нарантуул” худалдааны төв, Амгалан өртөөгөөр эргэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин барианд орно. Энэ зам нь өнгөрсөн жилийн замтай адил гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

