Орхон аймгийн Баян-Өндөр сумын 220 кв-ын дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид өчигдөр 18:51 цагийн үед гал гарчээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид галыг 19:43 цагт бүрэн унтраасан байна.
Гал түймрийн улмаас цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарч, тус станцаас хангагддаг найман аймаг, 143 суманд цахилгаан тасалдсан юм.
Нөхцөл байдлын талаар Орхон аймгийн ЗДТГ-аас тодруулахад "Өчигдөр орой 18:51 цагийн үед Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Эрдэнэт салбарт гал гарсан. Галыг унтрааж, шуурхай бригад нэг цагийн дотор гэмтлийг засварлалаа. Улмаар цахилгаан тасарсан Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгуудын 143 сумын эрчим хүчийг хэвийг болгосон. Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.