УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өнгөрсөн тавдугаар сард батлуулсан. Уг хуулийн хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар мэдээлэл хийлээ.
Э.Батшугар: -Миний бие 2025 оны тавдугаар сард Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлан УИХ-аар батлуулсан. Үүний дагуу өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч тушаал гаргаж, Аж ахуй нэгж болон иргэдийн арилжааны банкны хар жагсаалтыг хүчингүй болголоо. Энэ тушаал зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлдэг бүх байгууллагат хамаарна. Ингэснээр нийт 70 мянга орчим иргэн, ААН хар жагсаалтаас гарч байна гэж ойлгож болно. Хар жагсаалт гэдэг зүйл үндсэндээ ял байсан. Хар жагсаалтад багтсан иргэн авсан зээлээ бүрэн төлсөн ч дахин зээл авах хүртэл зургаан жил хүлээх шаардлагатай байсан. Харин шинэ зохицуулалтаар зээлээ хугацаанд нь төлсөн иргэнийг урамшуулдаг онооны систем рүү шилжиж байна. Ингэснээр илүү таатай нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Г.Энхтайван: -Монголбанкны ерөнхийлөгч захирамж гаргаснаар энэ сарын 10-наас эхлээд зээлийн мэдээлэлийн лавлагаанд хуучин хар жагсаалтад байсан мэдээлэл тусгагдахгүй. Зээлдэгчийн ангилал гэж байхгүй. Зөвхөн оноогоор дүгнэж тооцно. Ингэснээр зээлдэгчид хариуцлагатай болно гэж үзэж байгаа. Оноо ихтэй, сайн зээлдэгч нь бага хүүтэй, амар хялбар зээл авах гэх мэт давуу талтай болно.