Монгол Улсад шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөж буй тэмцээн Баянгол зочид буудлын Их танхимд болж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний Техникийн зөвлөгөөн өнөөдөр боллоо. Техникийн зөвлөгөөний хамгийн чухал хэсгийн нэг болох ангилал тус бүрийн 1-р ширээнд тоглох тамирчид ямар өнгөөр тоглохыг тодорхойлох өнгөний сугалаа энэ үеэр явагдав.
Нээлттэй ангилалд чансаагаар тэргүүлэн жагсаж буй БНХАУ-ын супер их мастер Юй Янъи 1-р ширээнд цагаан өнгөөр тоглохоор сугалгаа таарлаа. Харин эмэгтэй ангилалд БНХАУ-ын тамирчин, 2025 оны Азийн эмэгтэй аварга, ОУМ/ЭИМ Сүн Юйсинь 1-р ширээнд хар өнгөөр тоглохоор болж байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаа 14:00 цагаас болно.
