
Индонезийн цагдаа нар Жакарта хотод 321 гадаадын иргэнийг баривчилсан байна.
Баривчлагдсан гадаадын иргэдийг онлайн мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотой томоохон ажиллагааны үеэр баривчилсан нь Индонезийн хууль бус дижитал мөрийтэй тоглоомын эсрэг хамгийн том ажиллагаануудын нэг болжээ.
Нийт 321 хүнийг хотын Хятад хорооллын ойролцоох худалдааны барилгаас саатуулсан аж. Мөрдөн байцаагчид уг байршлыг 70 гаруй онлайн мөрийтэй тоглоомын вэбсайтын төв удирдлагын байр байсан гэж үзэж байна. Маркетингийн бүртгэл болон дижитал нотлох баримтуудаас харахад эдгээр сайтууд Индонезээс гаднах тоглогчдыг онилж байсан аж.
Баривчлагдсан хүмүүсийн дунд 228 вьетнам, 57 Хятадын иргэн байсан бөгөөд үлдсэн нь Лаос, Мьянмар, Тайланд, Малайз, Камбожоос ирсэн хүмүүс байжээ.
Индонезийн Үндэсний цагдаагийн газрын ерөнхий гэмт хэрэг хариуцсан захирал Вира Сатяа Трипутра уг сүлжээний зохион байгуулагчид болон санхүүжүүлэгчдийг илрүүлэх ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгдэв. “Бид сэжигтнүүдийг онлайн мөрийтэй тоглоомтой холбоотой үйл ажиллагаа явуулж байх үед нь газар дээр нь баривчилсан” гэж Трипутра хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
Тэрээр хэрэглэгчийн үйлчилгээ, телемаркетинг, санхүүгийн удирдлага зэрэг тодорхой үүрэгтэй, өндөр зохион байгуулалттай ажиллагаа байсан талаар тайлбарласан байна. Цагдаа нар энэ сүлжээ ойролцоогоор хоёр сарын турш ажилласан гэж үзэж буй аж.
Албаныхны хэлснээр мөрийтэй тоглоомын бүлэглэлүүд хэрэг нь илрэхээс зайлсхийхийн тулд үйл ажиллагааныхаа байршлыг байнга сольдог төдийгүй вэбсайт болон хэрэглэгчийн үйлчилгээг удирдуулахын тулд гадаад ажилчдыг ихэвчлэн ажиллуулдаг аж.

Трипутра мөн олон сэжигтэн Индонез руу богино хугацааны жуулчны визээр орж ирээд хугацаагаа хэтрүүлсэн болохыг тогтоосноо мэдэгдээд “мөрийтэй тоглоом болон мөнгө угаахтай холбоотой байж болзошгүй хэрэг дээр нэмээд цагаачлалын зөрчлүүд илэрсэн” гэжээ.
Цагдаа нар олон төрлийн валютаар байсан бэлэн мөнгө, компьютер, гар утас, паспорт болон мөрийтэй тоглоомын платформуудыг удирдахад ашигласан гэж үзэж буй бусад төхөөрөмжүүдийг хураан авсан байна. Эдгээр платформын тоо дор хаяж 75 хүрч болзошгүй гэнэ.
Саатуулагдсан хүмүүсийн 275-ыг албан ёсоор сэжигтнээр татсан бөгөөд үлдсэн хүмүүсийг байцааж байна. Индонезийн хуулиар энэ төрлийн хэрэгт ес хүртэл жилийн хорих ял болон 2 тэрбум рупийн торгууль оногдуулдаг.
Индонезийн Интерполын товчооны нарийн бичгийн дарга Унтунг Видяатмоко өмнө нь Сурабаяа, Бали, Батамд ижил төрлийн олон улсын гэмт хэргийн сүлжээнүүдийг илрүүлж байсныг онцолжээ.
Тэрээр хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг чангатгах шаардлагатайг дурдан, өмнө нь Мьянмар болон Камбожид төвлөрч байсан онлайн мөрийтэй тоглоомын операторууд өөр газруудад хяналт чангарахтай зэрэгцэн Индонез зэрэг улс руу шилжиж байгааг тэмдэглэсэн байна.
“Камбож дахь хяналт шалгалтын дараа Индонез руу шилжилт хөдөлгөөн эхэлж байгааг бид анзаарсан бөгөөд үүнийг бид урьдчилан тооцоолж байсан” гэж Видяатмоко хэлжээ.