
Ромын пап XIV Леогийн уушгинд нь жижиг ургац илэрсэн байна. Тиймээс энэ долоо хоногт түүнийг авах мэс засалд орохоор болжээ. Энэ нь 71 настай папын алба хашиж эхэлснээс хойш эрүүл мэндтэй нь холбоотой анхны ноцтой түгшүүр төрүүлсэн тохиолдол боллоо.
Пап Лео долоо хоног бүрийн ням гарагт Гэгээн Петрийн талбайд цугларсан мөргөлчдөд хандан залбирал үйлдэх үеэрээ энэ талаараа мэдэгджээ.
Ватикан уг зангилаа хортой эсэх талаар мэдээлээгүй байна.
“Саяхан эмнэлгийн зарим шинжилгээний үеэр эмч нар миний уушгинд тодорхой хэсэгт байрласан зангилаа илрүүлсэн. Маш эрт үедээ илэрсэн, бас эргэн тойрны эдээсээ тусгаарлагдсан байна” гэж пап хэлжээ.
“Эмч нар мэс засал хийх нь зүйтэй гэж үзсэн тул тэдний зөвлөгөөг дагаж, уг ургацыг авах мэс засалд орохоор шийдлээ. Мэс заслыг ойрын хэдэн өдөрт хийхээр хэдийн товлосон” гэж тэрбээр нэмж хэлэв.
Уушгины зангилаа гэдэг нь уушгинд үүссэн, тодорхой хэсэгт байрлах жижиг голомтот өөрчлөлт бөгөөд хоргүй байх боломжтой. Америкийн Цээжний Нийгэмлэгийн мэдээлснээр, уушгины зангилааны нийт тохиолдлын 5 хүрэхгүй хувь нь хорт хавдар болох нь тогтоогддог. Гэхдээ нас ахих, зангилааны хэмжээ том байх, тамхи татах зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалан эрсдэл нэмэгддэг байна.