Японы олон мужид хэт халалт ажиглагдаж, зарим газарт агаарын температур цельсийн 40 хэмд хүрчээ. Харин нийслэл Токио хотод 34.4 хэм хүрч халснаас хэдэн арван хүн биеийн байдал нь муудаж, эмнэлгийн яаралтай тусламж авчээ.

Тус улсын Цаг уурын газрын мэдээлснээр, энэ зургадугаар сард 14 хотод олон жилийн дунджаас өндөр температур бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс ч илүү халуун зун болох төлөвтэйг харуулж байна. Энэхүү хэт халалт нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хэмээн тайлбарлажээ.

Хэт халалтаас үүдэн 169 хүн эмнэлэгт хандсан бол 57 нь халуунтай холбоотой өвчлөлөөр өвчилж, гурван хүн нас барсан байна. Эрх баригчид иргэд, тэр дундаа ахмад настнуудыг агааржуулагч бүхий сэрүүн орчинд байж, ус сайн уух, наранд удаан явахгүй байх зэргээр сэрэмжтэй байхыг уриалжээ.

Мөн аялал жуулчлалын улирал эхэлж байгаа энэ үед Токио зэрэг хотуудаар аялж буй жуулчид халуунд удаан алхах хүнд байна хэмээн ярьсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.