
Амьтны эрх хамгаалах байгууллага PETA дэлхий даяар хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн, зөөлөн орангутан тоглоом тэвэрч явдаг япон макака моншийн бичлэгүүдийг “амьтны хүрээлэнгийн харгис байдлын нотолгоо” хэмээн шүүмжилжээ.
Панч (Punch) нэртэй япон макака сармагчны монш энэ сарын эхээр Ичикава хотын амьтны хүрээлэнгийн асрагчдын өгсөн чихмэл тоглоомыг чирч, тэвэрч тоглож буй бичлэг цахимд тарж, олны анхаарлыг татсан.
Өнгөрсөн долоодугаар сард төрснийхөө дараахан эхдээ гологдсон Панчийг амьтны хүрээлэнгийн ажилтнууд өсгөжээ. Түүнд тайвшрал өгөх зорилгоор өгсөн тоглоомыг цахим хэрэглэгчид “Ора-мама” хэмээн хочилсон бөгөөд удалгүй сармагчингийн байнгын “хамтрагч” болжээ.
Бяцхан сармагчингийн бичлэгүүд дэлхий даяар өрөвдөх сэтгэл төрүүлж, хүмүүс түүний явцыг дагаж “Keep going, Punch” (“Урагшаа, Панч”) гэх хаштаг түгээсэн байна.
Харин PETA мэдэгдэлдээ олон хүний “хөөрхөн”, “сэтгэл дулаацам” хэмээн тодорхойлсон дүр төрх нь үнэндээ “ганцаардал, хагацалтайгаа эвлэрэх гэж оролдож буй” амьтныг харуулж байна гэж үзжээ.
PETA-гийн Ази тив хариуцсан ерөнхийлөгч Жэйсон Бейкер “Амьтны хүрээлэн бол аврах байр биш. Тэдгээр нь амьтдыг хашиж хорьдог, бие даасан байдлыг нь хязгаарладаг, зэрлэг байгаль дахь нарийн төвөгтэй орчин, нийгмийн амьдралаас нь салгадаг газар” гэж мэдэгдсэн байна.
“Бусад макака сармагчингийн адил Панч нягт холбоотой гэр бүлийн бүлэгт өсөж, нийгмийн чухал ур чадвар эзэмшиж, баялаг байгалийн орчинд хүрээлэн буй орчноо судалж, танин мэдэх ёстой. Харин бетон хашаанд тоглоомоос тайтгарал хайх ёсгүй” хэмээн тэр нэмжээ.

Панчийн асрагчдын нэг Косүкэ Шикано тоглоомтой нь үүссэн холбооны талаар “Чихмэл амьтны үстэй гадаргуу барьж авахад амар, мөн гадаад төрх нь сармагчинтай төстэй тул аюулгүй мэдрэмж төрүүлсэн байх. Энэ тоглоом эхийн үүргийг орлон гүйцэтгэх болсон” гэж тайлбарласан байна.
Урт амралтын өдрүүдэд амьтны хүрээлэнд 5000 гаруй хүн зочилж, олон хүн Панчийг харахын тулд нэг цаг хүртэл хугацаанд дугаарласан аж. Мөн IKEA-гийн Япон дахь салбарын ерөнхийлөгч Петра Фаре айлчлах үеэрээ амьтны хүрээлэнд хэд хэдэн чихмэл тоглоом хандивласан тухай мэдээлжээ.
Панчийн тэвэрдэг тоглоомтой төстэй IKEA-гийн бүтээгдэхүүн одоо дэлхий даяар ихээр зарагдаж, зарим дэлгүүрт дууссан эсвэл нөөц багатай байгаа гэнэ.
Бейкер өмнө нь ч амьтны хүрээлэнгийн амьтад цахимд тархаж байсан жишээг дурдсан бөгөөд, тухайлбал Му Денг (Moo Deng) нэртэй одой усны үхэр олны анхаарал татаж байсныг хэлжээ. Гэвч “олны сонирхол хурдан намждаг ч амьтан насан туршдаа хүрээлэнд үлддэг” гэдгийг тэр онцолжээ.
“Интернэтэд тархсан алдар нэр нь хоригдлын бодит байдлыг өөрчилдөггүй. Харин ч тасалбарын борлуулалтыг өсгөхийн тулд бяцхан амьтад үржүүлж, үзүүлдэг мөчлөгийг улам дэмждэг. Харин төлөөсийг нь амьтад насан туршдаа төлдөг” гэж Бейкер мэдэгджээ.
Тэрээр амьтны хүрээлэнг Панчийн эрх ашгийг харгалзан үзэж, “илүү байгаллаг орчин, хангалттай орон зай, хувийн орон зай, зохистой нийгмийн холбоо тогтоох боломжтой нэр хүндтэй хамгаалалтын бүсэд” шилжүүлэхийг уриалсан байна.