
Иран даяар засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй жагсаал тархаж, эрх баригч теократ дэглэмийн эсрэг уриа лоозон хашхирах иргэд олширсноор байна. Үүгээр зогсохгүй өчигдөр оройноос эхлэн Иран даяар интернэтийн бүрэн тасалдалдал үүсчээ.
Пүрэв гарагийн оройноос Техран болон бусад томоохон хотуудад жагсаал эхэлмэгц эрх баригчид интернэт болон утасны холбоог тасалсан бөгөөд жагсаалууд хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй билээ.
Интернэтийн хяналтын байгууллага уг алхмыг хүчирхийлэлтэй дарамт шахалтын өмнөх дохио байж болзошгүй гэж тодорхойлсон ч интернэт тасарсан нь жагсаалын бичлэгүүдийг нийтлэхийг бүрэн зогсоож чадсангүй.
Иракийн хилтэй залгаа курд үндэстэн зонхилсон Илам мужаас эхлээд нийслэл Техран, Афганистаны хил орчмын зүүн хойд хот Машхад хүртэл 100 гаруй хотод 12 хоногийн өмнөөс эхэлсэн жагсаалд хүмүүс нэгдэж эхэлсэн. Эрх баригчид иргэдийн бухимдлыг өдөөж буй шалтгаануудыг шийдвэрлэх бодит гарц санал болголгүй, өмнө нь хэрэглэж ирсэн хүчээр дарах арга барилаа дахин ашиглаж байна.
Зарим иранчууд Starlink-д холбогдох “хууль бус терминал төхөөрөмж” ашиглан wifi-д нэвтэрч байгаа ажНорвегид төвтэй Iran Human Rights (IHRNGO) байгууллагын мэдээлснээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 28-наас эхэлсэн жагсаалын үеэр дор хаяж 45 хүн, түүний дотор найман хүүхэд амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархадан, 2000 гаруй хүн баривчлагдсан байна.
Зарим жагсагчид цөллөгт байгаа угсаа залгамжлах ханхүү Реза Пехлевигийн гудамжинд гарч жагсах уриалгыг дагасан бололтой. Олон нийтийн сүлжээгээр тархсан бичлэгүүдэд “Энэ бол сүүлчийн тулаан, Пехлеви эргэн ирнэ” хэмээн уриалж буй нь тодхон сонсогдох аж.
Жагсаалууд өрнөх үеэр Пехлеви X платформд урам зориг өгсөн мэдэгдэл нийтэлж, иранчуудыг “гудамжинд гарч, нэгдмэл фронтоор шаардлагаа дуу хоолойгоороо хүргэхийг” уриалаад “Бос, Иран!” гэж бичжээ.
Энэхүү үймээн самуунтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дахин мэдэгдэл хийж, хэрэв Ираны аюулгүй байдлын хүчнүүд жагсагчдыг хөнөөвөл Иранд цохилт өгнө хэмээн анхаарууллаа. “Хэрэв тэд хүмүүсийг хөнөөж эхэлбэл, тэд ихэвчлэн үймээний үеэр хэрэглэдэг энэ аргаа хэрэглэвэл бид тэдэнд маш хатуу цохилт өгнө” гэж Трамп хэлжээ.
Олон сая иранчууд огцом инфляц, уналтад орсон үндэсний мөнгөн тэмдэгтийн дарамтад орж, мянга мянган хүн гудамжинд гарч жагсаж эхлэдэх засгийн газрын аюулгүй байдлын хүчнүүд жагсаалыг дарах гэж оролцсоноор хүчирхийлэл дагуулсан байна.
Өнгөрсөн сард Техраны захууд болон их сургуулиудад зохион байгуулалттай эхэлсэн жагсаал аажмаар улс даяар тархжээ. Шинжээчдийн хэлснээр, удирдлагагүй, зохион байгуулалт сул эсэргүүцлийн хөдөлгөөн эдийн засгийн эсэргүүцэл, улс төрийн шаардлагатай огтлолцсоноор ширүүссэн байна.
“Энэ удаагийн жагсаалын онцлог нь иргэдийн худалдан авах чадварт шууд хамаатай болсон явдал. Хүмүүс үнэхээр юу ч авч чадахаа больсон. Үнэ бараг цаг тутамд өсч байна. Харин энэ бүхэн яаж дуусахыг хэн ч мэдэхгүй… Бүгд айдастай байна” хэмээн нэрээ нууцалсан 30 настай Тегераны оршин суугч хэлжээ.
Ираны сэтгүүлч, идэвхтэн Масих Алинежад Пүрэв гарагт CNN-ийн Жейк Таппертай ярилцахдаа жагсаал эдийн засгийн асуудлаас хальсан гэдгийг онцолсон. “Одоо бүх зүйл маш тодорхой боллоо. Энэ дэглэмийг дахин засаж сайжруулах боломжгүй гэж тэд хэлж байна. Тиймээс Исламын Бүгд Найрамдах Улсыг төгсгөхийг хүсэж байна” гэж Алинежад хэлжээ.
Тэрээр мөн энэ удаагийн жагсаал өмнөхөөсөө тэс өөр мэдрэмж төрүүлж байгааг онцолжээ. “Би бүр эрх чөлөөний үнэрийг мэдэрч байна. Хүмүүс гудамжинд гарахдаа царайгаа нуухаа больсон. Айх зүйлгүй, алдах юмгүй болсон гэдгээ илэрхийлж байна” гэжээ.
Кибер аюулгүй байдлын хяналтын NetBlocks байгууллагын захирал Алп Токер CNN-д ярихдаа, интернэт болон утасны сүлжээ тасарсан ч зарим иранчууд Starlink-д холбогдох “хууль бус терминал төхөөрөмж” ашиглан wifi-д нэвтэрч чадсан гэжээ.
“Улс даяарх интернэтийн тасалдал нь ихэвчлэн жагсагчдын эсрэг үхлийн хүч хэрэглэхийн өмнө дэглэмийн хэрэглэдэг гол стратеги байдаг” гэж Токер хэлээд, “зорилго нь юу болж байгаа тухай бодит мэдээлэл тархахаас сэргийлэх, мөн олон улсын анхаарлыг багасгах явдал” гэж нэмж тайлбарласан байна.