
Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 83 орны шатарчид өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас найман шатарчин өрсөлдөж байна.
Тэмцээний 4 дэх өргийн дараа урдчилсан дүн гарлаа. Охидын 14 хүртэлх насанд Б.Буянхишиг 3 хожил, нэг тэнцээ хийж 3,5 оноогоор АНУ, БНХАУ, Азарбайжаны шатарчдын араас 4-р байрт жагсаж эхэллээ. Энэ насанд тэргүүлж буй эхний хоёр шатарчин 4 хожилтой тэргүүлж байгаа бол гуравт бичигдэж буй Азарбайжаны Лала 3,5 оноотой байна. 5-р өргийн тоглолтод Б.Буянхишиг Гүржийн шатарчин Кесариатай оноолт таарчээ.
Мөн 18 насанд Э.Хүслэн 3 хожилтойгоор 19-р байр, 14 насанд Б.Энхнамуун 2,5 оноотой 32-р байрт жагсаж байна. Хөвгүүдээс 16 насанд Г.Зэв 4 онооноос 2,5 оноо авсан бол 14 насанд М.Санчир 2 хожилтойгоор 62-р байр эрэмбэлэгдэж байна.
Тэмцээний 5 дахь өргийн тоглолт өнөөдөр болно.