
Өмнөд Солонгосын кпоп агентлаг YG Entertainment зургаан жилийн дараах анхны шинэ хөвгүүдийн хамтлагаа энэ оны 9-р сард танилцуулахаар болсноо мэдэгдлээ.
Тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх продюсер Ян Хюн-сук албан ёсны блогтоо байршуулсан бичлэгтээ “Шинэ хамтлагаа 9-р сард танилцуулахаар төлөвлөж байна. Олон хүний сонирхож буй асуултад хариулахад гишүүдийн тоо тав байна” гэж хэлсэн ч хамтлагийн нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг зарлаагүй байна.
YG Entertainment хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сард TREASURE хамтлагийг танилцуулж байсан юм.
Мөн Ян Хюн-сук шинэ уран бүтээлчид болон IP төслүүдийн талаар мэдээллийг үе шаттайгаар ил болгоно гэж мэдэгдэж, “Next Monster” нэртэй байж магадгүй шинэ охидын хамтлагийн талаар ч дурдсан байна.
Түүнчлэн энэ онд BABYMONSTER болон TREASURE хамтлагууд шинэ цомог гаргах, мөн BIGBANG 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.