
Энэ онд тохиож буй Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн санаачилсан хоёр улсын графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ.
Уг төсөл нь хоёр улсын соёлын өвөрмөц онцлогийг харилцан таниулах, ур чадвар, туршлагаа солилцох, залуучуудын хөгжлийг дэмжих, Монгол Улсад бар зургийн уламжлалт арга барилд суурилсан хэвлэх урлан-лаборатори байгуулах эхлэлийг тавих зорилготой юм.
Анх 2024 онд санаачилсан Монголын график урлагийг дэмжих энэхүү төсөл 2026-2027 онд хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд Монголын урчуудын эвлэл, “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн нийт зургаан уран бүтээлч оролцож, ХБНГУ-ын Эссен хотын Дүрслэх урлагийн дээд сургууль (HBK), Райнe хотын Бентлагед байрлах бүрэн тоноглогдсон бар зургийн урланд торгон бар, офорт (төмөр бар), модон барын хэвлэлийн уламжлалт ажиллагаагаар бүтээл туурвих, хамтарсан үзэсгэлэн гаргах, мастер багш нарын удирдлага дор техник ажиллагаатай танилцах, хамтарсан үзэсгэлэн гаргах зэргээр үргэлжилнэ.
Уран бүтээлчид Монголд буцаж ирсний дараа графикийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах юм. Ийнхүү орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд танилцуулах бөгөөд графикийн чиглэлээр уран бүтээл туурвиж буй олон уран бүтээлчдийг төсөл үзэсгэлэнд хамруулснаар тэднийг таниулах томоохон боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.