
Хурган дээлийн мөнгөн товчинд нар ойх адил өвлийн шөнийн тэнгэрт хамгаас тодоор гэрэлтэх одод Туулын мөсөнд ойж үзэгдэнэ. Газар, тэнгэр нэгэн цул болох нь амьдрал хэмээх хар, цагаан зургууд үргэлжлэн урсах шиг болно. Тэдгээрийн заагт орчлонгийн наран жаргаж, ахин мандана. Энэ л үргэлжилсэн хоног өдрүүдийн нэгэнд оройн наран жаргаж цагийн зүү арван хоёрыг дохиолохтой зэрэгцэн бид шинэ тооллыг угтдаг.
Үнэндээ амьдрал хэмээх нэгэн улирал айчилсан хэвээрээ л буй. Харин гагц цаг хугацаа гэж бидний оноож нэрлэсэн хувиршгүй мөнхийн ахуйд хүн хэмээгч ухамсарт бодгаль түмэн явдлын учир шалтгааныг дэнсэлж, аливаад түүртсэн ч найдварын утсаа таслалгүй оршихуйгаа хайрласан хэвээр байгаагийн шалтгаан нь мөнөөх цаг хугацаанд оноосон уг зааг билээ. Тэр заагт юу ч өөрчлөгдөхгүй, одод байрандаа, Туул мөсөн доогуураа харзлан урсаж, салхи урьдынхаараа үлээнэ. Харин хүний сэтгэл гэдэг хэчнээн нааш цааш хэрэн туучсан ч ойлгон хайрлаж, ойворгон үгсээр хялбархан тодорхойлж болох эд биш учир ямар нэгэн гэгээ шинэ өдрийн сурагтай хамт айлчилж ирнэ. Нэг хэсэгтээ л тэрхүү сэтгэл хэмээгч ухаж гүнд нь дөтлөхийн аргагүй, хэзээд биднээс ховхорч унахгүй эрхтэн дотор өчигдөр гэх үг эрт урьдын санагдаж, өнөөдөр гэх нэр дөнгөж амьсгалаас тасарч, маргааш гэдэг үгийн дуудлага илүүтэй жин дарж сонсогддог. Шинэ он хэмээх нь цаг хугацаанаас илүүтэй ингэж л хүний дотор мэндэлдэг билээ.
Магадгүй бид он солигдсоны дараах мөчүүдэд л амьдралын завгүй, хурдтай хөдөлгөөний урсацыг зогсоож, хоромхон зуур ухрааж, эсвээс тухайн мөчүүдийг өвлийн хүйтэн жаварт царцаан харж чаддаг болов уу.
Тэгээд ч энэ л он солигдох мөчөөс бусдаар бол шинэ өдрийн зарлал гэж байдаггүй. Өвлөөс хавар үүдэж, хавраас зун дэлгэрнэ. Зунаас намар луу гундаж, насны зөн үхлийн тухай бодолд л илүүтэй автуулдаг. Гэвч энэ бол шинэ он. Амьдрал гэдэг уйтгартай, урт удаан мэт санагдах ээлжлэн хөвөрсөн утасны нэг нь гэрэлтэх агшин. Маргаашаас бид илүү сайхныг хүсдэг. Тэр өдөр нь харин өнөөдөр.
Тийм цаг хугацааны совинд л хүн гэгч итгэл найдвараа гээдэггүй. Ямархан нэгэнд итгэсээр, найдсаар байдаг нь л амьд яваа шалтгаан шүү дээ. Чухамдаа Александр Дюмагийн “Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг” хэмээх үг амьдралын томьёолол юм. Алив юмс илүү сайжирна, цагийн зүү ямагт сайн зүг рүү тэмүүлнэ гэх итгэл найдвар үгүй болсон цагт оршихуй төгсөнө. Тэгэхээр хүний итгэл, найдвар гээч зүйлийн мяндсан утас тасарчихалгүй тэсэх тэрхүү цаг хугацааны зааг нь он солигдсоны дараах шинэ өдөр, магад тэр өдрийн сайн сайхан сураг чимээ юм.
Тэгээд ч цаг хугацаа хэмээх биегүй, үргэлжлэн урсах төсөөллийн гэмээр атлаа бүхнээс бодтой энэ л ухагдахуун хэзээ ч хүнд ханддаггүй шүү дээ. Харин бид түүнд нэр өгч, хил зааг татаж, тэрхүү мөнхийн, агуу ихийн дунд аж төрөхүйгээ багтаасан. Иймээс шинэ он гэдэг цаг хугацаа бус хүний ухамсар дахь хил хязгаар. Цаг хугацаа бол урсгал. Бид түүний дунд хөвж яваа навчис. Шинэ он бол тэрхүү урсгал дундах жижиг жижиг цагираг үүсгэсэн эргүүлэг. Навчис нэгэн мөчид тойрогт бөөгнөрч, ахин тарна. Харин цагираг дотор өөрийгөө болоод бусдыг илүүтэй таньж, ойлгодог агаад түрхэн зуурын энэ л агшин бусдыг уучлах, буй бүхийг хайрлах бодлыг үүтгэдэг. Ийм л гэгээ түүсэн хүмүүсийн маргааш нь өнөөдрийн шинэ он.
Эхлэлийг нь үл олох эрхис, гарагийн чинадад хөвөх өчүүхэн тоосонцор шиг бидний амьдрал. Адаг нь хаахна хүрч ширгэх, аливаад чин сэтгэлээ өгөх ундарга юунаас эхтэйг тааварлашгүй. Олон мянганы турш эр зоригтнууд үүний эрэлд мордсон ч бүгд ганзага хоосон ирцгээсэн. Сульдаж, ядарсан тэрхүү зоригт эрэлчдийн зүрх сэтгэлд ямагт найдвар цохилсоор байдаг. Үүнийг бидэнд шинэ он, нар мандсан өглөө сануулдаг. Учир тийм шалтгаантайн улмаас л буй бүхэн илүү сайхан руу тэмүүлж, өнгөрсөнд үлдээсэн гэмээ эрж, өөрийгөө уучлах тамиртай болцгоодог болов уу гэж санана. Тэр уучлалаас л өнөөдөр бүрдэж бүтэн болно.
Зарим нь энэ л мөчүүдэд гунихарч, дотогшоо улам улмаа эмтэрч суугаа. Хөөр баяр гээч агшин зуурын атлаа үүрд амталмаар мэдрэмжээс зориудаар татгалзах нэгэн ч бий. Тэрхүү тарчлалд эх, адаг гэж үгүй агаад өнгөрсөн, ирээдүй хэмээх нь оргүй хоосонтой агаар нэгэн болдог. Тийн тарчлан суугаа нэгний оршихуй ч мөн шинэ оны шинэ өдрийг дүүргэнэ. Үгүй аваас энэ орон зай өөрөө ч мөн үйлийн хумигдлыг цогцлоож чадахгүй сэн билээ. Үйл гэгч нь бидний амьдрал шүү дээ.
Цаг хугацаа цасан хэвнэгээ нөмөрч, цал буурал өвөл зун шиг дэлгэрсэн нэгэн он улирлаа. Цагийн зүү арван хоёр дээр тогтсонгүй, цас чахруулан алхах адил урагш зүтгэж өнөөдрийн нарыг мандаав. Ай, нар мандах шиг сайхан нь үгүй. Мандаж байгаа тэрхүү наран шинэ өдрөөс ямархан нэгэн эерүү сураг дуулгах шиг догдлол төрөх нь амьд байх хувь хишиг адил ерөөл бас үгүйг улам улмаа сануулна.
Ай, өдөр эхэлж байна. Цасан ширхэг малгайлан бударч, лаа гэрэлтэн асаж, бээвийн суусан болжмор жигүүрээ дэвч, сүмийн ганжир нарны шижирт гялалзаж, хайруу жавар цонх цантуулан угалз урлах шиг шинэ өдөр. Хэзээ ямагт ийм л шинэ өдрийг угтаж, хүлээж бид аж төрнө. Хүлээнэ гэдэг ч мөн амьдралын нэг хэлбэр.
Б.Алтанхуяг