
Улаанбаатар хот урин дулаан улиралтай золгож байгаа ч хотын өнгө төрх “саарал” хэвээрээ.
Гудамж, талбай тоос шороонд дарагдаж, хотын төвөөр ч цэвэрхэн орчин, нар ойх гял цал барилга харагдах нь ховор. Уг нь хавар ирэхэд дэлхийн хотууд өнгө засдаг бол манай нийслэлд бүх зүйл эсрэгээрээ эргэнэ.
Учир нь бидний хүлээж байсан дулаан улирал хотыг гэрэлтүүлэхээсээ илүүтэй өвөлжин хуримтлагдсан үнс нурмыг бужигнуулж, замын тоосжилтыг дэгдээж, хөрсний бохирдлыг ил гаргадаг. Ингэснээр нийслэлийн халтар дүр төрх улам бүр тодордог. Хамгийн гол нь энэ дүр зураг аль нэг захын дүүргээр хязгаарлагдахгүй. Төв талбайгаас эхлээд хотын хамгийн өнгөтэй, өөдтэй гэх хэсэгт ч хэдхэн минут алхахад л гутал шороонд дарагдаж, хувцас халтардах нь энүүхэнд.
Хоржоонтой нь, иргэд хүртэл Улаанбаатарын хаврыг “хайр биш, сайр дагуулж ирдэг” улирал хэмээн егөөддөг болоод удаж буй. Гэвч энэ бүхэн зөвхөн гутлын хир, өнгө үзэмжийн асуудал бус хотын цэвэрлэгээний хоцрогдсон тогтолцоо, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг менежментийн гацаа юм.
Гудамж талбайд шороо овоолж, явган хүний замыг хуулан замын хавтанг солих ажил 2026 онд ч “уламжлал” ёсоор үргэлжилнэ. Тухайлбал, нийслэлийн 2026 оны төсөвт 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр 4.6 их наяд төгрөг баталсан. Үүний 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцэд, 8.2 хувь нь нийгмийн салбарт, үлдсэн 6.8 хувь нь бусад салбарт зарцуулагдахаар тусгагджээ. Тухайлбал, 12 байршилд 50.4 км авто зам шинээр барьж, 33.8 км замыг шинэчилнэ. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, 31 км замын гэрэлтүүлэг хийхээр төлөвлөөд буй.
Үүнээс гадна энэ жил Улаанбаатар хотын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар бүрэн шинэчлэх ажлыг дуусгахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай
Энэ онд Улаанбаатар хотын төвийн явган хүний замыг шинэчлэх ажлаас үлдсэн 70000 м.кв талбайг дуусгана. Явган хүний замыг дотоодод үйлдвэрлэсэн чулуугаар шинэчилнэ. Мөн 2040 он гэхэд явган хүний замыг 2199 километр болгож, нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хот 584.6 километр явган хүний замтай. 2040 он хүртэл 2199 километр явган хүний замыг жил бүр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Гэвч бодит байдал дээр энэхүү амлалт, төлөвлөгөөнүүд хотын орчны чанарт хэрхэн нөлөөлж байгаа нь эргэлзээтэй хэвээр. Ялангуяа бродюр, явган хүний замыг жил бүр шинэчлэх нэрийн дор давтамжтайгаар сольж ирсэн энэ практик олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Хотын даргын хэлснээр бол өмнө нь чанарын шаардлага хангаагүй бродюр ашигласнаас болж ойр ойрхон солих шаардлага гарсан хэмээн тайлбарласан. Иймд цаашид байгалийн чулуу ашигласнаар 20 жил солихгүй гэж өнгөрсөн онд мэдэгдсэн билээ. Гэвч энэ амлалт бодит ажил хэрэг болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь жил бүрийн засвар, шинэчлэлийн хүрээнд зам, хавтан хуулж, шороо босгодог жишиг манайд одоо хүртэл бий.
Харамсалтай нь ийм их хэмжээний төсөв зарцуулж буй эдгээр ажлууд хотын орчныг сайжруулах биш, харин ч тоосжилтыг улам нэмэгдүүлэх шалтгаан болж хувирсан. Тухайлбал, бид нэг гараараа бүтээн байгуулалт нэрээр хотоо ухаж, тоос шороог нь босгочхоод, түүнийг нь буцаагаад цэвэрлэх, дарах тогтолцоогоо огт бүрдүүлээгүй.
2024 оны дөрөвдүгээр сард хот тохижилтын ажилчдын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэсэн. Ингэснээр уг салбарт ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж, чанар ахина гэж үзсэн. Мөн хотын 14.9 сая метр квадрат талбайг дан ганц хот нь л хариуцахаа больж, нийслэлийн есөн дүүрэгтээ чиг үүргийг хуваарилав. Түүнчлэн тэдний ажилдаа ашиглах машин техникүүдийг 40 гаруй хувьтай шинэчилж өгсөн гэж нийслэлээс мэдээлсэн билээ. Гэсэн атлаа манай хот тохижилтынхон одоо хүртэл шүүрээсээ салаагүй л байна. Өглөө бүр шүүр барин тоос босгож зогсоо ажилчид бидний багаж зэвсгийн хэрэглээ “чулуун зэвсгийн” үеэсээ салаагүйг илтгэнэ. Тоосжилтыг дарах бус, нэг газраас нөгөө рүү шилжүүлэхийг цэвэрлэгээ гэж нэрлэх нь орчин цагт өрөөсгөл ойлголт. Учир нь орчин үеийн хот тохижилтын стандарт нь тоос босгох бус тогтмол угаах менежментэд тулгуурладаг. Тухайлбал, дэлхийн метрополис хотууд замаа даралттай усаар тогтмол угааж, тоосжилтыг 80- 90 хувь бууруулдаг соёлд шилжээд хэдэн арван жил болж байна. Дэлхийн хотуудын цэмцгэр байдаг нууц нь ердөө л “угаах” менежмент.
Нэгдүгээрт, тэд “шүүр”-ийг технологиор сольсон. Сөүл хотод “Clean-road” гэх систем ажилладаг. Замын голын шугамын дагуу автоматжуулсан шүршигч систем (sprinklers) суурилуулж, өдөрт хэд хэдэн удаа замаа даралттай усаар угаадаг. Энэ нь агаар дахь нарийн ширхэгт тоосонцрыг газарт буулгаад зогсохгүй, зуны халуунд замын асфальтын температурыг 20 хэм хүртэл бууруулдаг байна.
Хоёрдугаарт, Токио, Сингапур зэрэг хотын зам цэвэрлэх машин нь зөвхөн шүүрдэх биш, угаах, сорох үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг. Ингэхдээ шүршигч нь замыг өндөр даралттай усаар угааж, боссон тоосыг нь чийгшүүлж хүндрүүлээд, ард нь явах хүчирхэг сорогч нь тэрхүү бохирдлыг шууд сорж авдаг байна. Ингэж цэвэрлэсэн зам дээр тоос босох ямар ч боломж үлддэггүй аж. Харин манайд ТӨК-ийн машинууд нь шороог сорох биш, зүгээр л замын нэг захаас нөгөө рүү шүүрээр тууж, тоосыг нь агаарт дэгдээж харагддаг. Үүнээс гадна Япон, Солонгос зэрэг орнуудад хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь зөвхөн хууль, дүрмийн хүрээнд хүлээх үүрэг биш, харин иргэдийн өндөр ухамсар, нийгмийн хариуцлага болон төлөвшсөн байдаг.
Buynaas channel контент бүтээгч Б.Буянмөнх
Японд хог цэвэрлэхийг төрийн байгууллагын үүрэг гэхээс илүүтэй иргэн бүрийн хариуцлага гэж ойлгодог. Тиймээс гудамж талбайг цэвэрлэх тусгай ажилтан бараг харагддаггүй. Хотын цэвэр, цэмцгэр байдал нь зөвхөн техникийн шийдлээс гадна иргэдийнх нь хандлагаас ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал, хүмүүс өөрийн орчны ойролцоогоор 10 метрийн зайг өглөө бүр шүүрдэж цэвэрлэж хэвшсэн байдаг. Дэлгүүр, байгууллагууд ч мөн өөрсдийн орчноо тогтмол цэвэрлэж, хогоо зөв ангилан хаядаг. Мөн гудамжинд хог хаяхыг бусдад төвөг учруулж буй үйлдэл гэж үздэг тул хогоо авч явж, зөв газар нь ангилж хаях соёл түгээмэл. Энэ бүхэн нь япончуудын дунд гүн суусан “Meiwaku” буюу бусдад саад болохгүй байх зарчимтай нь салшгүй холбоотой.
Гуравдугаарт, менежментийн асуудал. Олон улсад хот тохижилтын ажилчдын цалин нэмэгдэхийн хэрээр тэдний эзэмших техникийн чадвар, ашиглах багаж хэрэгсэл нь “ухаалаг” болдог. Гэтэл Улаанбаатарт ажилчдын цалинг 3.5 сая төгрөгт хүргэж, Европ жишиг ярьсан атлаа барьсан багаж нь нөгөөх л модон ишний үзүүрт уясан хэдэн гишүү хэвээрээ. Техник шинэчлэлийг 40 хувьтай хийсэн гэх боловч тэр нь зориулалтын угаалгын машин, шинэ технологи руу чиглэж чадахгүй байна. Уг нь бол бидний төлөөд буй 4.6 их наядын төсөв ийм л шийдэл рүү чиглэх ёстой.
Гэтэл манайд бол хот угаах ойлголт зөвхөн бороо орохыг хүлээх, эсвэл хавтан солихын өмнө шороог түр зайлуулах, бүх нийтийн их цэвэрлэгээ өрнүүлэх төдийхнөөр хязгаарлагдсаар.
Товчхондоо, Улаанбаатарыг “саарал” харагдуулаад байгаа зүйл нь байгалийн тогтоц биш, харин хотын удирдлагуудын хоцрогдсон сэтгэлгээ юм.
Менежментээ шинэчилж, технологио өөрчлөхгүй бол бид хэдэн их наядын төсөв баталж, хэчнээн сайхан “алсын хараа” ярьсан ч бодит үр дүнд хүрэхгүй билээ.