
Хэнтий аймгийн Дуурлиг нарсанд байх Хүннүгийн булшны дурсгалт газарт хийсэн археологийн малтлагаар эртний Евразийн худалдаа, соёлын харилцааг гэрчлэх ховор олдворууд илэрчээ. Судалгааг Монголын ШУА-ийн археологийн хүрээлэн, Үндэсний музей болон БНСУ-ын Үндэсний музейн судлаачид хамтран гүйцэтгэсэн байна.
Малтлагаар 240 фут орчим урттай, модон хийц бүхий хоёр давхар байгууламжтай булш илрүүлсэн бөгөөд төв хэсэгт нь лакан бүрхүүлтэй сүйх тэрэг байрлуулжээ. Мөн болор шигтгээтэй мөнгөн чимэглэл зэрэг олдворууд илэрсэн нь Хүннүгийн дээд давхаргын оршуулгын зан үйл, урлалын талаар шинэ мэдээлэл өгч байна.
Судлаачдын үзэж буйгаар зарим эд өлгийн зүйл Ромын ертөнц болон Солонгосын хойгтой холбогдох худалдаа, соёлын харилцааны ул мөрийг агуулж болзошгүй аж.
Олдворуудын дунд Ромын гаралтай байж болзошгүй хэмээн судлаачдын үзэж буй бариултай, тунгалаг шилэн сав багтжээ. Түүнийг яг хаана үйлдвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байна. Эрдэмтэд уг шилний химийн найрлагад шинжилгээ хийж, хаана үйлдвэрлэгдсэнийг нь тогтоохоор төлөвлөж байгаа аж. Энэхүү олдвор нь Ромын ертөнцийг хятадтай холбож байсан эртний худалдааны сүлжээг санагдуулж байгаа бөгөөд үнэ цэнтэй эд зүйлс ихэвчлэн зуучлагчдаар дамжин Еврази даяар тээвэрлэгддэг байжээ.
Археологичид мөн модон авсны ёроолоос 15 ширхэг хаш эдлэл гаргаж авсан байна. Эдгээр нь Хятадын Хань гүрний үед хэрэглэгдэж байсан ёслолын дугуй хаштай төстэй боловч хэлбэр нь жигд бус, нарийн хээ угалз бүхий чимэглэлтэй аж. Судлаачид энэхүү ялгааг Хүннүчүүд хятадын оршуулгын зан үйлийг өөрсдийн онцлогт тохируулан өөрчилж хэрэглэсний илрэл хэмээн үзэж байна. Уг нээлт нь Монголын тал нутгийг эртний Евразийн өргөн сүлжээний нэгэн чухал хэсэг байсныг харуулах судалгааны ач холбогдолтой юм.