
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасаг “Ротари” олон улсын байгууллагатай хамтран 0-2 насны хүүхдийн тавхайн төрөлхийн гажгийг эрт илрүүлэх төслийг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нээлтийн арга хэмжээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, “Ротари” олон улсын байгууллагын 3450 дугаар дүүргийн 9 дүгээр бүсийн захирагч Д.Гантулга, 10 дугаар бүсийн захирагч П.Цэрэнминжин, “Нийслэл Ротари” клубын төлөөлөл болон Хонгконгийн “Пенинсула Ротари” клубын ерөнхийлөгч Жой Вонг оролцжээ. Мөн дээрх гурван аймгийн Эрүүл мэндийн газар, эмнэлгийн төлөөлөл цахимаар оролцсон байна.
Төслийн хүрээнд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн хэмжээнд 0-2 насны хүүхдийн тавхайн төрөлхийн гажгийг эрт илрүүлэх үзлэг, тандалтыг зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд хүүхдүүдийг оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээнд хамруулах юм.
Үүнээс гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулж, тавхайн гажгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээр төлөвлөжээ. Эцэг эх, асран хамгаалагчдад мөн эрүүл мэндийн боловсрол олгох аж. Монгол Улсад хүүхдийн майга тавхайн гажгийг төрсний дараах үеэс системтэйгээр эрт илрүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас зарим тохиолдол хожуу оношлогдох эрсдэлтэй байдаг. Харин гажгийг эрт илрүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийх нь хүүхдийн хөдөлгөөн, өсөлт хөгжил, цаашдын амьдралын чанарт чухал ач холбогдолтой юм. “Хүүхэд бүрийг эрүүл хөлтэй, идэвхтэй, хөгжлийн тэгш боломжтой өсөж торних нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө” хэрэгжүүлэх энэхүү төсөл 2026-2027 онд үргэлжилнэ.