
Иран улс Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдах шинэ ажиллагаа төлөвлөж байгааг илтгэх тагнуулын мэдээллийг Израилийн талаас Цагаан ордонд хүлээлгэн өгсөн тухай АНУ-ын хэвлэлүүд шуугиж эхэллээ.
АНУ-ын тагнуулын байгууллагууд Дональд Трампын эсрэг Ираны заналхийллийг олон жилийн турш ажиглаж, хэд хэдэн оролдогыг нь таслан зогсоож байсан гэдэг. Гэвч Израилийн энэхүү анхааруулга нь цоо шинэ, тодорхой хуйвалдааныг зааж байгаагаараа онцлог болохыг The Wall Street Journal санууллаа. Иран улс анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Хувьсгалт гвардийн нөлөө бүхий генерал Касем Сулейманиг хөнөөсөн Трампаас өшөө авах бодолтой байгаагаа олон жилийн турш ил тод мэдэгдэж ирсэн.
Өмнө нь мэдээлснээр, баасан гаргийн шөнө Ираны Мешхед хотод болж өнгөрсөн Дээд удирдагч Аятолла Али Хаменеиг оршуулах ёслолын үеэр гудамжинд цугларсан хүмүүс төрийн далбаатай хамт "Бид Трампыг хөнөөнө" гэсэн бичигтэй зурагт хуудас барин жагсжээ.
Мөн CNN телевиз мэдээлэхдээ, Трамп пүрэв гарагт Анкарад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас буцахдаа аюулгүй байдлын асуудлаас болж шинэ онгоцоор бус хуучин онгоцоор ниссэн тухай тодотгоосон. Аюулгүй байдлын албаны ажилтнууд үүсээд буй нөхцөл байдалд төрийн тэргүүнийг хамгаалахад хуучин онгоц илүү тохиромжтой гэж үзжээ.
Лхагва гарагт Анкарад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Трамп Ираны эрх баригчид түүнийг хөнөөхийг оролдож магадгүй гэж эмээж байгаагаа илэрхийлсэн юм.
Одоогоор АНУ-ын Засгийн газар болон Ираны тал албан ёсны хариу мэдэгдэл хийгээгүй байна. Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Израилийн өгсөн уг мэдээллийг бие даан бүрэн шалгаж, баталгаажуулж амжаагүй байгаа аж.