ИБУИНВУ-ын хаан III Чарльзын дүү ханхүү Эндрю хааны удмын бүх цол хэргэмээ албан ёсоор хураалгалаа. Түүний цол хэргэмийг хураасныхаа дараа Виндсор шилтгээнээс явахыг Чарльз хаан тушаасан байна.
Их Британийн хатан хаан агсан II Элизабет болон Эдинбургийн гүн агсан Филип нар дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том хүү Чарльз нь уламжлалын дагуу хаан ширээнд залгамжилсан. Эндрю бол Элизабет, Филип нарын хоёр дахь хүү нь юм.
Энэ жил 65 настай Эндрю нь Америкийн бэлгийн хүчирхийлэгч, хүүхдүүдийг бэлгийн гэмт хэргийн хохирогч болгож байсан Жеффри Эпштейнтэй удаан хугацаанд найз нөхрийн дотно харилцаатай байсан. Тэд 15 жилийн турш нөхөрлөсөн бөгөөд Эндрю өсвөр насны охинтой бэлгийн харилцаанд орж байсан тухай хохирогч эмэгтэйн дурсамж номонд бичигдсэн юм.
Жеффри Эпштейний үйлдсэн гэмт хэргийн хохирогчдын нэг Виржиниа Жуффригийн дурсамж номонд Эндрю охиныг насанд хүрээгүй байхад хэд хэдэн удаа бэлгийн харилцаанд орж байсан тухай бичигджээ. Виржиниа Жуффри энэ жилийн дөрөвдүгээр сард 41 насандаа нас барсан бөгөөд түүнийг амиа егүүтгэсэн гэж үзсэн.
Хэдийгээр Эндрю Виржиниа Жуффри гэх эмэгтэйг огт танихгүй, нэг ч удаа харж байгаагүй гэж мэдэгдсэн ч энэ нь түүнийг хааны гэр бүлийн цол хэргэмээ хадгалж үлдэхэд тус болсонгүй.
Энэ сарын эхэнд Эндрюгийн Иоркийн гүн цолыг хурааж, ханхүү цол нь үлдсэн байсан юм. Хаан Чарльз түүний бүх цол хэргэмийг хураах ажлыг албан ёсоор гүйцэтгэж, эцэст нь ханхүү цолыг нь хурааж авлаа. Эндрю одоо Эндрю Маунтбэттен Виндсор гэх нэрээр амьдрахаар болж байна. Виндсор шилтгээнээс нүүж Норфолкын Сандрингхэм дэх хааны удмынхны эзэмшил байшинд үлдсэн амьдралаа өнгөрүүлэх ажээ.
Букинхэмийн ордноос Эндрю өөрийгөө гэм буруугүй гэж хамгаалсаар байгаа ч уг шийтгэлийг зайлшгүй оноох шаардлагатай гэж хаан үзсэн тухай мэдээлсэн байна.
Уг мэдээлэл гарсны дараа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч Виржиниа Жуффригийн гэр бүл мэдэгдэл гаргаж “Жирийн нэгэн америк охин өөрийн эр зориг, үнэнч шударга байдлаараа Британийн ханхүүг сэнтийгээс нь буулгаж чадлаа” хэмээжээ.
Энэ сард Эндрюг буруутгах үндэслэл бүхий өөр нэгэн баримт ил болсон. Эндрю Жеффри Эпштейнтэй нөхөрлөлөө дуусгасан гэж мэдэгдсэнээсээ хойш дахин холбоо барьсан цахим шуудангуудыг илрүүлсэн байна.
Эндрюгийн цол хэргэмийг хурааж, Виндсор шилтгээнээс хөөсөн ч түүний бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэнтэй холбоотой байснаар зогсохгүй гэмт хэрэг үйлдсэн байж ч болзошгүй явдал нь Британийн хааны удмын гэр бүлийн нэр хүндэд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татсан сэдэв хэвээр байна. Зарим судлаачид Эндрюг ял сонсож ч магадгүй гэж ярьж байна.
Хаант засаглалыг эсэргүүцдэг бүлгүүд Эндрюгийн хэргийг мөрдөж шалгахыг уриалж байна. Ирэх сард хуульчид, прокуроруудад хүсэлт тавихаар төлөвлөжээ.
Эндрюгийн цол хэргэмийг хураасан ч түүний охид болох Беатрис, Ежений нарын гүнж цол хэргэмийг хэвээр нь үлдээж байна.
.jpg)
