
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Томуугийн тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор 12 дугаар сарын 1-нээс ханиад, томуу хүндэрсэн сургуулийн 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлэхээр боллоо.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Улаанбаатар хотын зургаан дүүргийн бага, дунд сургуулийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлнэ. Ирэх долоо хоногийн даваа гарагаас бага сургуулийн хичээл цахимд шилжинэ. Харин дунд ангийн сурагчид дараагийн долоо хоногоос нь цахимд шилжинэ. Харин 16-18 насныхан буюу ахлах сургуулийн сурагчдын дунд ханиадны тархалт бага байгаа учраас тэд танхимаар хичээллэнэ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хэвийн ажиллана. Учир нь цэцэрлэгүүдийг шууд хаавал эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно" гэсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох саналаа Ерөнхий сайд чуулганы хуралдаанд танилцуулсан юм.
Ерөнхий сайдын танилцуулагтай холбогдуулан УИХ-ын 10 гишүүн нэр дэвшигчид болон Засгийн газрын тэргүүнээс асуулт асууж, саналаа хэлсний дараа чуулганы хуралдааныг түр завсарлууллаа. УИХ-ын чуулганыг түр завсарлуулсан хугацаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Ж.Энхбаярыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, М.Бадамсүрэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох тухай захирамжид гарын үсэг зурлаа. Үүний дараа чуулганыг хуралдааныг үргэлжлүүлэн Ерөнхий сайд УИХ-д захирамжаа танилцуулж, шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө. Ингэснээр Ж.Энхбаярыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын М.Бадамсүрэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул түүний оронд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилуулахаар МАН-ын бүлэгт танилцуулсан.
Тэгвэл Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 08-ны өдөр зохион байгуулж, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 78.9 хувийн саналаар дэмжив.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэг, 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалт, Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн тогтоолын төслийг боловсруулжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханы албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Түүнд УИХ-ын дарга Н.Учрал УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах санал тавьсан байна. Уг саналыг нь хүлээн авч өөрөө Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалжээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханы албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 81 гишүүний 52 нь дэмжиж, чөлөөлөө.
Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын дарга Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах санал тавьжээ. Саналыг нь хүлээн авсан Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс өнөөдөр чөлөөлсөн юм. Улмаар залгуулаад түүнийг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин энэ асуудлаас гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Харин УИХ-ын дарга АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгөөд байв. АН-ын бүлэгт өгсөн завсарлагын хугацаа дуусан учир сая санал хураалт явуулж УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томиллоо.
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчдын уртасгасан цагаар ажиллах илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд нэг тэрбум 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс гаргахаар тогтлоо.
Томуу, томуу төст өвчнөөс урдчилан сэргийлэх, өвчний тархалт нэмэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авч, эрүүл мэндийн байгууллагуудыг уртасгасан цагаар ажиллуулах арга хэмжээг зохион байгуулж, шаардлагатай урвалж оношлуураар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 82.6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 63.2 хувийг 0-5 насны хүүхэд эзэлж байна.
Цаашид нэмэгдэх хандлагатай, хүүхдүүд болон ахмад настнууд илүү өртөж, эмнэлгийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна.
Нийслэлийн хэмжээнд 18 эмнэлэг, эмнэлгийн байгууллагын 2052 орыг хүүхдийн томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээнд зориулж байна.