
Их Британийн Үндэсний фермерүүдийн холбоо (NFU) Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас тус улсын хүнсний үнэ өсөх магадлалтайг анхааруулжээ.
Үндэсний фермерүүдийн холбооны ерөнхийлөгч Том Брэдшоу BBC-д ярихдаа, өргөст хэмх болон улаан лоолийн үнэ ойрын зургаан долоо хоногт өсөж болзошгүй бөгөөд бусад ургамал, сүүний үнэ дараагийн гурваас зургаан сарын хугацаанд нэмэгдэж магадгүй гэжээ.
Иран улс Ормузын хоолойг үргэлжлүүлэн хааснаар түлш болон бордооны үнэ өссөн нь хүнсний үйлдвэрлэлд чухал нөлөө үзүүлж байна.
Ирэх долоо хоногт Их Британийн Засгийн газрын өндөр албан тушаалтнууд яаралтай хуралдаж, уг мөргөлдөөний амьжиргааны өртөгт үзүүлэх нөлөөг хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд энэ асуудал хэлэлцэх гол сэдвийн нэг байх юм.
Том Брэдшоу “энэ дарамт нь хүнсний нийлүүлэлтийн бүх шатанд нөлөөлж байгаа тул засгийн газар үүнийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй” гэж онцолжээ. Тэрээр уг мөргөлдөөн хүнсний үйлдвэрлэлд “дэлхийн нийлүүлэлтийг орвонгоор нь эргүүлж, маш их нөлөө үзүүлнэ” гэж мэдэгдсэн байна.
Одоогоор хэрэглэгчдэд яг ямар хэмжээгээр үнэ өсөх нь тодорхойгүй байна. Учир нь фермерүүд бүтээгдэхүүнээ супермаркет зэрэг жижиглэн худалдаачдад зарж, эцсийн үнийг тэд тогтоодог.
Үндэсний фермерүүдийн холбооны мэдээлснээр нэмэгдсэн зардлын зарим хэсгийг фермерүүд болон нийлүүлэлтийн сүлжээний бусад оролцогчид өөрсдөө шингээж магадгүй ч “зарим зардал зайлшгүй хэрэглэгчид рүү шилжинэ” гэжээ.
Дэлхийн байгалийн хий, түүхий нефть болон бордооны ихээхэн хэсэг нь ихэвчлэн Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэгддэг бөгөөд одоогоор энэ хоолой дөрөв дэх долоо хоногтоо хаалттай байна.
Үндэсний фермерүүдийн холбооны зүгээс байгалийн хийгээр халаадаг хүлэмжинд ургуулдаг улаан лооль, өргөст хэмх, чинжүү зэрэг бүтээгдэхүүнүүд эрчим хүчний үнийн өсөлтөд хамгийн түрүүнд өртөх магадлалтайг онцолжээ. Мал аж ахуй, сүүний фермерүүд ч удахгүй нөлөөлөлд өртөх болоlтой. Учир нь тэд бордоог ихэвчлэн шаардлагатай үед нь худалдан авдаг.
Харин улаан буудай, арвай зэрэг тариалангийн ургамал тарьдаг фермерүүд эхний ээлжинд харьцангуй хамгаалагдсан байх юм. Тэдний бордоогоо урьдчилан худалдан авах нь элбэг байдал үнийн өсөлтийг түр хойшлуулах аж.
Мөн Британийн жижиглэн худалдааны консорциум (BRC) тээврийн замын тасалдал нь зарим барааны хүртээмж болон үнэд нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
Гэхдээ тэд жижиглэн худалдаачид болон нийлүүлэгчид ийм төрлийн тасалдлыг зохицуулах туршлагатай бөгөөд “хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөг багасгахын тулд шаргуу ажиллана” гэж мэдэгдсэн байна.Мөн хөдөө аж ахуйн техник, тээврийн хэрэгсэлд ашигладаг “улаан дизель” түлшний үнэ өсөх вий гэсэн болгоомжлол ч байна.
Их Британийн хөдөө аж ахуйн сайд Анжела Игл “Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал болон хүнс, хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх нөлөөг анхааралтай ажиглаж байна” гэж мэдэгдсэн. Тэрээр мөн “улаан дизель”-ийн үнийн ил тод байдлын асуудлыг Өрсөлдөөн ба зах зээлийн газар (CMA)-т тавьсан бөгөөд тус байгууллага түлшний борлуулалтыг хянахаар болсон гэжээ.
Ирэх долоо хоногт Их Британийн Засгийн газрын онцгой байдлын хороо болох Cobra (Кобра)-гийн хуралдаан болж, Ойрхи Дорнод дахь дайн амьжиргааны өртөгт хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцэх юм.
Энэ үеэр хүнсний үнийн өсөлтөөс гадна шатахууны үнэ, айл өрхийн эрчим хүчний төлбөр, зээлийн хүү зэрэг асуудлуудыг мөн авч хэлэлцэхээр төлөвлөжээ.