
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж салбартаа тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Энэ үеэр холимог тулааны спортын тамирчин М.Нандин-Эрдэнийг гавьяат тамирчин цолоор шагнасан юм.
Гавьяат тамирчин М.Нандин-Эрдэнэ "Тулааны спортоор хичээллээд 26 жил болж байна. 23 жилд нь Монгол Улсын шигшээ багт тоглосон. Тулааны олон төрлөөр тулалдаж аварга, дэлхийн аварга боллоо. Энэ бүх амжилтыг минь өндрөөр үнэлсэнд баяртай байна. Надад ямар нэгэн хүлээлт байгаагүй. Өөрийнхөө чадах бүхнийг хийгээд явах хүсэлтэй байсан. Цаашдаа ч хийсээр байх болно. Би Солонгост суурин байж тулалддаг ч Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Энэ тодорхойлолт нэрний минь өмнө бичигдэх учир илүү хариуцлагатай байх ёстой гэж бодож байна.
Баярт мэдээгээ хамгийн түрүүнд эхнэр, аав хоёртоо дуулгасан. 26 жил толгой руугаа цохиулж тулалдахад амар байгаагүй. Аав минь зодог тайлахыг үргэлж шаарддаг байсан. Гэвч бүгдийг нь даван туулж энд ирсэндээ баяртай байна. Би 50 нас хүртлээ тулалдана гэж зорилготой байгаа. Чадах эсэхээ мэдэхгүй ч хичээх болно" гэв.