
Өмнөд Солонгосын томоохон корпораци Samsung-ийг эзэмшигч гэр бүл тус улсын түүхэн дэх хамгийн их хэмжээний буюу 12 их наяд воны (ойролцоогоор 8 тэрбум ам.доллар) өв залгамжлалын татварыг бүрэн төлж дуусгасан байна.
Тус компанийн тэргүүн Ли Жэ-ён болон түүний гэр бүлийн бусад гишүүд болох ээж Хон Ра-хи, эгч нар Ли Бу-жин, Ли Со-хён нар энэхүү татварыг сүүлийн таван жилийн хугацаанд зургаан удаа хувааж төлөн барагдуулжээ.
Энэхүү татвар нь 2020 оны аравдугаар сард нас барсан компанийн өмнөх тэргүүн Ли Кун-хигийн үлдээсэн хөрөнгөтэй холбоотой юм.
Samsung нь электроник, хүнд үйлдвэрлэл, барилга, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Өмнөд Солонгосын хамгийн том “чеболь” буюу гэр бүлийн эзэмшлийн конгломерат юм.
Ли Кун-хи 26 их наяд воны хөрөнгө, үүнд хувьцаа, үл хөдлөх хөрөнгө болон урлагийн цуглуулгуудыг үлдээсэн байна.
Тухайн үед гэр бүл “татвар төлөх нь иргэний үүрэг” хэмээн мэдэгдэж байсан юм.
Samsung-ийн төлөөлөгч ням гарагт эцсийн төлбөрийг хийснээ баталж, энэ хэмжээ нь 2024 оны улсын нийт өв залгамжлалын татварын орлогын 50 гаруй хувьтай тэнцэж байгааг онцолсон байна.
Өмнөд Солонгост өв залгамжлалын татварын хувь 50% байдаг нь дэлхийд хамгийн өндөрт тооцогддог.
Энэхүү татварын асуудал нь Ли гэр бүлийн Samsung дээрх хяналтаа хадгалах чадварт нөлөөлж болзошгүй тул хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байсан юм.
Ли Кун-хигийн өвийн нэг хэсэг болох Пабло Пикассо болон Сальвадор Далигийн бүтээлүүдийг багтаасан урлагийн цуглуулгыг Солонгосын Үндэсний музей болон бусад соёлын байгууллагуудад хандивласан байна.
Bloomberg Billionaires Index-ийн мэдээлснээр Ли гэр бүлийн нийт хөрөнгө 45 тэрбум ам.доллараас давжээ.
Тэдний хөрөнгө өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр дахин өссөн бөгөөд хиймэл оюун ухааны (AI) салбарын эрэлт нэмэгдсэнээр компьютерийн чипийн хэрэгцээ өсөж, Samsung Electronics-ийн зах зээлийн үнэлгээг өсгөсөн.
Samsung нь компьютерийн чип үйлдвэрлэхээс гадна дэлхийн хамгийн том ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд телевизийн томоохон үйлдвэрлэгч юм.
Samsung Group-ийг 1938 онд Ли Жэ-ёны өвөө Ли Бён-чоль үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор компанийг Ли Жэ-ён удирдаж байна.