
Боливийн Юнгасын ойд амьдардаг жижиг биетэй зэрлэг муурыг эрдэмтэд шинжлэх ухаанд урьд өмнө бүртгэгдээгүй шинэ зүйл болохыг тогтоожээ. "Leopardus tilcayo" хэмээн нэрлэсэн уг амьтныг нутгийн иргэд “Тилкайо” хэмэнэ дууддаг байна. Тус амьтны биеийн урт нь ойролцоогоор 46 сантиметр, жин нь 1.4 килограмм хүрдэг аж. Энэ нь гэрийн дундаж муурнаас ч жижиг хэмжээтэй.
Судлаачид 38 муурын геномын мэдээллийг харьцуулан шинжилсний дүнд тилкайо нь бусад муураас генетикийн хувьд тусдаа зүйл болохыг тогтоожээ.
Тилкайо муурын тухай мэдээлэл анх 2016 онд судлаач Паола Ногалес-Аскаррунс Боливийн зэрлэг амьтдын асрамжийн газарт ирсэн нэгэн амьтныг анзаарснаар эхэлжээ. Тухайн амьтныг нутгийн нэгэн гэр бүл зулзага байхад нь олж, гэрийн тэжээвэр амьтан хэмээн өсгөж байсан ч хожим нь зэрлэг амьтан болохыг нь мэдээд "Senda Verde" амьтан хамгаалах төвд шилжүүлсэн байна.
Генетикийн судалгаагаар уг муур бусад мэдэгдэж буй зүйлүүдээс ялгаатай болох нь батлагдаж, түүний хувьслын шугам ойролцоогоор 1.4 сая жилийн өмнө бусад барын муураас салсныг тогтоожээ. Одоогоор Тилкайогийн амьдралын хэв маяг, тархац, тоо толгойн талаар маш бага мэдээлэлтэй байгаа юм.