
Хятад улс АНУ болон Умард Солонгосын дипломат харилцааг сэргээхэд саад болохгүй байж болох ч хоёр талын харилцааг дахин идэвхжүүлэх үйл явцад “голлох” үүрэг гүйцэтгэх магадлал бага гэж АНУ-ын дипломатч асан пүрэв гарагт мэдэгдлээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын удахгүй болох дээд хэмжээний уулзалтын өмнө ийм байр суурь илэрхийлсэн байна.
2021-2025 онд АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Даниэл Критенбринк Yonhap News Agency-ийн бичгээр ирүүлсэн асуултад хариулахдаа, Вашингтон, Пёньяны харилцаа мэдэгдэхүйц сайжрах аливаа үйл явдлыг Бээжин “сэжигтэйгээр” хүлээн авах болно гэж тэмдэглэжээ.
Трамп, Ши нар ирэх пүрэв гарагт Вашингтон хотод дээд хэмжээний уулзалт хийх төлөвтэй байгаа бол Трамп энэ оны сүүлээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай дахин харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм.
АНУ-ын дипломатч асан Хятад улс Солонгосын хойг дахь тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн хэмжээнд АНУ болон Умард Солонгосын хооронд дипломат харилцаа өрнөхийг нааштай хүлээн авч магадгүй гэж үзсэн байна. Учир нь Азийн томоохон гүрэн болох Хятад улс хил орчмын бүс нутагтаа тогтвортой гадаад орчин бүрдүүлэхийг зорьж ирсэн. Гэхдээ Бээжин Вашингтон, Пёньяны ойртолтыг мөн сэжигтэйгээр хүлээн авах болно. Тиймээс Ерөнхийлөгч Ши энэ асуудалд болгоомжтой хандсан хэвээр байгаа” бодож буйгаа мөн илэрхийлжээ.
Өнгөрсөн сард Трамп Кимтэй энэ оны сүүлээр уулзана гэж найдаж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь Кимтэй биечлэн дипломат харилцаа тогтоох өмнөх оролдлогоо сэргээх тухай таамаглалыг улам нэмэгдүүлсэн юм.
Трамп, Ким нар өмнө нь гурван удаа хоёр талын уулзалт хийж байсан. Анхны уулзалт 2018 оны зургадугаар сард Сингапурт, хоёр дахь нь 2019 оны хоёрдугаар сард Ханойд, сүүлчийнх нь 2019 оны зургадугаар сард Солонгос хоорондын хилийн Панмунжом тосгонд болсон юм.