
Ferrari компанийн анхны бүрэн цахилгаан автомашин Ferrari Luce буяны дуудлага худалдаагаар 40 сая ам.доллароор зарагдаж дуудлага худалдааны үнийн шинэ дээд амжилтыг тогтоожээ.
Их Британийн iPhone-ийн загвар зохион бүтээгч Сэр Жони Айвын санаачлан бүтээхэд оролцсон Ferrari Luce-г Калифорни мужид болсон RM Sotheby's-ийн дуудлага худалдаагаар зарсан байна.
Уг автомашин нь арга хэмжээний үеэр зарагддаг ердийн Luce загварын үнээс 35 дахин өндөр үнээр борлогджээ.
Ferrari Luce-г өнгөрсөн тавдугаар сард танилцуулагдахдаа зарим автомашин сонирхогч, шинжээчдийн шүүмжлэлийгдагуулсан. Тэд энэхүү загвар нь Ferrari-гийн уламжлалт хийц, хэв маягаас хэтэрхий холдсон, батарейгаар ажилладаг, таван хүний суудалтай болсон нь брэндийн өөрийн гэсэн онцлогийг сулруулсан гэж үзжээ.
Sotheby's-ийн мэдээлснээр, дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг Ferrari сангийн боловсролын хөтөлбөрүүдэд хандивлах юм.
Тус дуудлага худалдааны байгууллага онцгой загвараар үйлдвэрлэсэн Luce автомашины худалдан авагчийн нэрийг олон нийтэд зарлаагүй байна. Энэхүү автомашин нь өвөрмөц өнгөлгөө болон тусгайлан захиалж хийсэн эд ангиудаараа бусад загвараас ялгарчээ.
Гэвч Luce-г танилцуулсны дараах өдөр Ferrari-ийн хувьцааны үнэ буурсан нь уг автомашины талаарх сөрөг хандлагатай холбоотой.
Тус автомашиныг шүүмжилсэн хүмүүсийн дунд Италийн Шадар сайд Маттео Сальвини, мөн Ferrari компанийн ТУЗ-ийн дарга асан Лука Кордеро ди Монтеземоло нар байсан бөгөөд Монтеземоло уг автомашиныг “домгийг устгах эрсдэлтэй” гэж хүртэл тодорхойлсон байна.
Ferrari-гийн загвар зохион бүтээх газрын захирал Флавио Манцони тавдугаар сард өгсөн ярилцлагадаа шүүмжлэл бол инновацын үйл явцын нэг хэсэг бөгөөд хүмүүс эцэст нь Luce загварыг үнэлж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Ferrari компани Luce загварын борлуулалтын зорилтот тоогоо олон нийтэд зарлаагүй байна. Харин Financial Times-ийн мэдээлснээр, Хятадын зах зээлийн эрэлт өндөр байгаагийн ачаар компани энэ оны борлуулалтын зорилтоо аль хэдийн биелүүлжээ.
Sotheby's мэдэгдэлдээ дуудлага худалдаанд орсон автомашиныг Luce загварын хамгийн анхны үйлдвэрлэлийн автомашиныг эзэмших “дахин давтагдашгүй боломж” гэж тодорхойлсон байна.
Энэхүү Luce нь тусгай загварын дугуй, өөрчилж үйлдвэрлэсэн тоормосны систем, цагаан өнгийн өвөрмөц гадаргуу зэрэг онцлогтой аж.
Буяны зорилготой энэхүү худалдаа нь “ирээдүй хойч үеийн төлөөх инновац, хариуцлага болон урт хугацааны алсын харааны бодит илэрхийлэл” гэж Sotheby's онцолжээ.
Ferrari автомашинууд дуудлага худалдаан дээр хамгийн өндөр үнэд хүрдэг автомашинуудын тоонд байнга ордог.
2025 онд тусгайлан үйлдвэрлэсэн Ferrari Daytona SP3 супер автомашин Ferrari компанийн боловсролын санаачилгад зориулсан дуудлага худалдаагаар 26 сая ам.доллараар зарагдаж байв. Тухайн үед энэ нь шинээр үйлдвэрлэгдсэн автомашины дуудлага худалдааны хамгийн өндөр үнэ болж байсан юм.
Харин автомашины дуудлага худалдааны бүх цаг үеийн хамгийн өндөр үнийн дээд амжилтыг 1955 оны Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupé эзэмшдэг. Тус хэт ховор автомашин 2022 онд 142 сая ам.доллараар зарагдсан байна.