
Киевийн мэдээлснээр Украины арми Покровск хотын хойд хэсгийг болон ойролцоох жижиг хотыг хамгаалж байна.
Украины зүүн хэсэгт орших стратегийн ач холбогдолтой Покровск хотыг эзлэхийн тулд Оросын цэргүүд давшилтаа эрчимжүүлж байна гэж Киевийн цэргийнхэн мэдэгдлээ.
Путины цэргүүд стратегийн төмөр замын зангилаа болох энэ хотыг эзлэн, Донецк мужийг бүхэлд нь хяналтдаа авах зорилготой олон сарын кампанит ажлаа дуусгахаар оролдож байгаа бөгөөд энэ зуур Оросын хэлэлцээчид энхийн яриа хэлэлцээг саатуулж байна гэж Independent мэдээллэв.
Украины Ерөнхий штабын мэдээлснээр, дайн эхлэхээс өмнө 60 мянган хүн амтай байсан Покровск хотын хойд хэсгийг Украины хүчин одоогоор хамгаалж байгаа бөгөөд ойролцоох Мирноград хотыг ч давхар хамгаалж байна.
Гэвч Украины нээлттэй эх сурвалжийн судалгааны DeepState бүлэг Оросын явган цэргүүд Покровскийн хойд хэсэгт нэвтэрч, ойролцоох Гришине тосгон руу шахахыг оролдож байна гэж мэдээлжээ.
Тэдний нийтэлсэн газрын зурагт Покровскийн бараг бүх хэсэг болон Мирноградын ихэнх нь Оросын хяналтад орсон мэт харагдаж байгаа бөгөөд одоогийн байлдааныг эдгээр хоёр хотын төлөөх “сүүлийн тулаанууд” хэмээн тодорхойлжээ.
Энэ фронтын мэдээтэй зэрэгцэн Оросын пуужин, дроноор хийсэн агаарын довтолгоо Украин даяар үргэлжилж, сүүлийн нэг хоногт нийт зургаан хүн амь үрэгдсэний дотор эх, хүүхэд байжээ.
10 настай хүү болон түүний 41 настай ээж Харьков мужийн зүүн хэсэгт орших Богодухив хотод амь үрэгдсэн байна. Москва Украины зүүн болон өмнөд бүс нутгийг онилон цуврал довтолгоо хийсний дараа уг хэрэг гарчээ.