
АНУ, Иран хоёр Ормузын хоолойг бүрэн нээж, Ойрхи Дорнодын газрын тосны урсгалыг хэвийн болгох талаар хэлэлцэж байгаа ч зах зээлийн дараагийн хөдөлгөөн хэлэлцээнд оролцоогүй нэг улсаас ихээхэн хамаарах төлөвтэй байна. Тэр бол Хятад улс.
Дэлхийн хоёр дахь том газрын тосны хэрэглэгч Хятад улс Ираны дайны улмаас өдөрт 11 сая гаруй баррель газрын тосны нийлүүлэлт тасалдсаны дараа нөөцөө хамгаалахын тулд бүх боломжит арга хэмжээг авчээ. Импортоо бууруулах, асар их стратегийн нөөцөө ашиглах, цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар дотоодын үнийн дарамтыг тодорхой хэмжээнд сааруулсан байна.
Энэ нь дэлхийн зах зээлд ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлжээ.
Дайн гурван сар гаруй хугацаанд үргэлжилсний дараа зарим шинжээч газрын тосны үнэ энэ жил нэг баррель нь 200 ам.доллар хүрч магадгүй гэж таамаглаж байсан. Гэвч нийт нийлүүлэлтийн алдагдал 1 тэрбум баррелиас давсан ч газрын тосны үнэ харьцангуй тогтвортой хэвээр байв. Олон шинжээч үүний гол шалтгааныг Хятад гэж үзэж байна.
Эрчим хүчний судалгааны төв Ember-ийн шинжээч Даан Вальтер "Хятад улс Азийн бусад орнуудын цохилтыг зөөлрүүлж, улмаар дэлхийн эдийн засгийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн" хэмээн онцолжээ.
Даваа гарагт дэлхийн жишиг үнэ болох Brent Crude нэг баррель нь 78 ам.доллараас доош унасан нь Ормузын хоолойгоор дамжих худалдаа удахгүй хэвийн болно гэсэн хүлээлттэй холбоотой байв.
Хятадын "үл үзэгдэх гар"
Францын банк Societe Generale-ийн шинжээчид энэ сарын эхээр гаргасан тайландаа 1973 оны Арабын газрын тосны хоригийн үед дэлхийн нийлүүлэлт 7 хувиар буурахад газрын тосны үнэ 134 хувиар өссөн болохыг сануулжээ.
Харин энэ удаад дэлхийн нийлүүлэлтийн 14 хувьд нөлөөлсөн мөргөлдөөн болсон ч үнэ тийм хэмжээнд өсөөгүй байна. Тэд үүнийг зах зээлийг дахин тэнцвэржүүлж буй Хятадын "үл үзэгдэх гар"-тай холбон тайлбарлажээ.
Хятад өдөрт ойролцоогоор 3 сая баррелиар импортоо бууруулах боломжтой нь бараг бүхэлдээ Японы нийт газрын тосны эрэлттэй тэнцэх хэмжээ юм.
Хятад яаж хэрэглээгээ бууруулсан бэ?
Шинжээчдийн үзэж буйгаар хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ.
Rystad Energy-ийн газрын тосны зах зээлийн дэд ерөнхийлөгч Янив Шах "Өмнө нь Хятад газрын тосны үнэд доод хязгаар тогтоож өгдөг байсан бол энэ жил нөхцөл байдал эсрэгээр эргэсэн" гэжээ.

Цахилгаан автомашины өсөлт газрын тосны хэрэглээг бууруулж байна
Хятадын цахилгаан автомашины зах зээл газрын тосны эрэлтийг бууруулах бас нэг том хүчин зүйл болжээ.
Өнөөдөр Хятадад зарагдаж буй шинэ суудлын автомашины хоёр тутмын нэг нь шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл болсон байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор Хятадын цахилгаан автомашинууд зөвхөн өнгөрсөн онд өдөрт 1 сая баррель газрын тосны хэрэглээг орложээ.
Lantau Group-ийн шинжээч Дэвид Фишман "Энэ нь дэлхийн газрын тосны зах зээлд гайхалтай даралт бууруулагч болж байна" хэмээн хэлсэн байна.

Ормузын хоолой нээгдвэл газрын тос илүүдэх эрсдэлтэй
Сонирхолтой нь хэдхэн сарын өмнө газрын тосны хомсдолын талаар санаа зовж байсан бол одоо шинжээчид эсрэгээрээ илүүдэл нийлүүлэлт үүсч магадгүй гэж анхааруулж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн хамгийн сүүлийн тайланд ирэх онд нийлүүлэлтийн өсөлт эрэлтээс өдөрт 4.7 сая баррелиар давах төлөвтэй гэжээ.
Ормузын хоолой бүрэн нээгдэж, Ойрхи Дорнодын олборлолт хэвийн түвшиндээ эргэн орвол зах зээлд их хэмжээний газрын тос дахин орж ирэх юм.
Түүхий эдийн мэдээллийн Kpler платформын шинжээч Муюй Сюй "Хэрэв Ормузын хоолой хурдан нээгдвэл түгжигдсэн 100 сая орчим баррель газрын тос зах зээлд эргэн нийлүүлэгдэнэ" гэж мэдэгджээ. Түүнчлэн Ираны эсрэг хориг цуцлагдвал тус улс олборлолтоо эрчимтэй нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Сайн мэдээ нь АНУ, Иран хоёр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар Ормузын хоолой дахин нээгдсэн. Гэхдээ муу мэдээ нь дэлхийн зах зээл аль хэдийн асар их хэмжээний нөөцөө алдсан явдал юм.
Kpler-ийн тооцоогоор дайны хугацаанд нийт 1.15 тэрбум баррель газрын тосны нийлүүлэлт зах зээлээс алга болжээ.
Үүний улмаас олон улсын стратегийн газрын тосны нөөц 1990 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн.
АНУ-ын яаралтай нөөц 43 жилийн хамгийн доод хэмжээнд очсон бол арилжааны агуулахууд ачааллын дээд түвшинд хүрээд байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар "Дөрвөн долоо хоногийн дараа бид нөөцгүй болж магадгүй" хэмээн анхааруулжээ.