
Оросын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний байгууламжууд руу халдахаа бүрэн зогсоож, АНУ үүнд нь баталгаа гаргаж өгсөн цагт л Украинаас адилхан хариу цохилтоо зогсооно гэж Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдлээ. Дональд Трамп хоёр талыг эрчим хүчний салбарт гал зогсоохоор тохиролцсон гэж мэдээлсний дараа Украины Ерөнхийлөгч дараах тайлбарыг гаргажээ. Тэрээр “Оросын талаас дайныг зогсоох бодит эрмэлзэл одоогоор харагдахгүй байна. Гэхдээ Америкийн түншүүд маань Орос дайныг үнэхээр зогсооход бэлэн байгааг баталж чадвал манайх ч хурцадмал байдлыг бууруулах алхам хийнэ” гэв.
Өчигдөр Дональд Трамп дизель түлш хомсдон, үнэ нэмэгдсэнийг Украин Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөнтэй холбон тайлбарласан. Гэвч бодит байдалд Трампын Ирантай хийж буй сөргөлдөөн болон Ойрхи Дорнодын газрын тосны худалдаа саатсан явдал голлон нөлөөлж байна. Орос улс Украины халдлагын улмаас дотоодод нь үүссэн түлшний хүндрэлийг шийдвэрлэхийн тулд дизель түлшний экспортод хориг тавьсан.