
Австралийн эрх баригчид Шинэ Өмнөд Уэльс муж дахь арилжааны үржүүлэгчээс 100 000 гаруй хууль бус, гадаад гаралтай жоом хураан авчээ. Жоомны зарим нь хүний алганы хэмжээтэй байсан байна.
Нийт 200 000 австрали долларын (143,000 ам.доллар) үнэлгээтэй Мадагаскарын исгэрдэг жоом, Дубиа жоом зэрэг зүйлүүдийг Австралид хууль ёсоор импортлох боломжгүй, мөн тэжээх, үржүүлэх, худалдаалахыг хориглодог.
Энэ нь хууль бус гадаад гаралтай сээр нуруугүй амьтдын хамгийн том хураан авах ажиллагаа болсон гэж эрх баригчид мэдэгдэв. Тэдгээр шавж нь өвчин тараах, мөн нутгийн уугуул ан амьтан, хөдөө аж ахуйд хор хөнөөл учруулах эрсдэлтэй гэнэ.
Гэрийн тэжээвэр мөлхөгч амьтдад хоол болгон ашигладаг эдгээр хууль бус жоомнуудыг эрх баригчид устгах аж.

“Гадаад гаралтай жоомыг хууль бусаар үржүүлж, худалдаалж буй тохиолдлуудыг бид илрүүлж байгаагаа гэрийн тэжээвэр амьтдын бизнес эрхлэгчид болон эзэмшигчдэд анхааруулж байна” гэж Австралийн Уур амьсгалын өөрчлөлт, Эрчим хүч, Хүрээлэн буй орчин, Усны яамны төлөөлөгч мэдэгджээ.
“Хэрэв та дубиа жоом эсвэл Мадагаскарын исгэрдэг жоом зэрэг гадаад гаралтай жоом эзэмшиж, үржүүлж эсвэл худалдаалж байгаа нь тогтоогдвол тэдгээрийг хураан авч, холбооны хуулийн дагуу шийтгэл хүлээлгэж болзошгүй.”
Мөн дубиа жоомыг мөлхөгч амьтдын тэжээл болгон ашиглаж байсан эзэмшигчдэд царцаа болон модон жоом зэрэг хууль ёсны хувилбаруудыг ашиглахыг зөвлөжээ.
Дэлхийн хамгийн том жоомны зүйлүүдийн нэг болох Мадагаскарын исгэрдэг жоом нь гаргадаг чанга исгэрэх дуунаасаа үүдэн ийм нэртэй болсон.
Батёрст хотын могой баригч Стефани Лессер эдгээр хууль бус сээр нуруугүй амьтдыг мөлхөгчдийн хоол болгон цахимаар худалдаалж байгааг харсан гэж АBC-д ярьжээ. “Хүмүүс эдгээрийг үнэхээр тэжээдэг. Учир нь тэд маш том, бараг хүний алганы хэмжээтэй байдаг. Магадгүй тийм амьтад өртөг зардлын хувьд илүү ашигтай байж болох юм. Учир нь нэг гүрвэлийг тэжээхийн тулд маш жижиг хэмжээтэй модон жоомноос гурав дөрвийг өгөхийн оронд ийм том жоомноос ердөө нэгийг өгөхөд хангалттай байдаг” гэж тэр нэмж хэлжээ.