
Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Алтай суманд шүлхий өвчин гарсантай холбогдуулан шуурхай арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Булган, Үенч сумын хяналтын постуудын үйл ажиллагааг чангатгаж, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдүүлэхийг холбогдох сумдын Засаг дарга нарт даалгасан байна. Мөн Алтай сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.
Түүнчлэн шүлхийн вакцинжуулалт хийгдэж, мал сүрэгт дархлаа тогтох хүртэл аймаг, сумдын Үндэсний их баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлэхийг Мал эмнэлгийн газарт даалгасан байна.
Үүнээс гадна Мөст, Цэцэг сумыг Алтай сумтай хиллэх малгүй бүсийн зурвас газрын хилийг тогтоож, хяналтын цэгүүдийг нэмэгдүүлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Булган, Үенч сумдад шүлхий өвчний 11 голомт бүртгэгдэж, 1485 толгой мал өвчлөн, 1304 толгой мал устгалд оруулаад байна хэмээн Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.