
Оросын армийн хүнд зэвсгийн сум, пуужингийн хангалтыг хариуцдаг генерал Москва мужид болсон автомашины дэлбэрэлтийн улмаас амиа алдсан тухай мэдээлжээ.
Балашиха хотод автомашин дэлбэрч, жолооч нь газар дээрээ нас барсан байна. Хэвлэлүүд түүнийг Оросын Батлан хамгаалах яамны пуужин, артиллерийн газрын дарга Дамир Давыдов хэмээн нэрлэжээ.
Мөн Москвагийн баруун өмнөд хэсгээс хоёр дахь автомашинд суурилуулсан тэсрэх төхөөрөмж илрүүлж, эрх баригчдын хяналттайгаар устгасан байна. Дайны хугацаанд Москвагийн дайны ажиллагаатай холбоотой өндөр албан тушаалтнуудын эсрэг хэд хэдэн халдлага гарсан. Зарим тохиолдолд Украины тусгай алба хариуцлага хүлээж, эсвэл Оросын эрх баригчид тэднийг буруутгаж байсан юм.
Украины цохилтууд эрчим хүчний дэд бүтцэд үргэлжилсээр байна. Түлшний нийлүүлэлт доголдсоноос Оросын Краснодар хязгаарт шатахууныг сандран бөөнөөр худалдан авах үзэгдэл гарчээ.
Краснодарын захирагч Вениамин Кондратьев хөрш бүсүүдэд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор олон хүн бензин нөөцлөхөөр шийдсэн нь зохиомол хомсдол үүсгэсэн гэж мэдэгдсэн.
Бямба гарагт Украины дроны халдлагад өртсөн Усть-Лабинск хотын нефтийн агуулахад гарсан түймрийг аврагчид мягмар гарагт бүрэн унтраасан байна.
Лхагва гарагийн өглөө Украины дроны халдлагын улмаас Оросын өмнөд хэсгийн Ростов мужид түлшний сав шатжээ. Захирагч Юрий Слюсар халдлага Миллеровский дүүрэгт болсон, гэхдээ хүний хохирол одоогоор бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн байна.
Мөн Дагестан дахь Кизилюрт хотод хий дамжуулах хоолой дэлбэрч, түймэр гарсан тухай мэдээлжээ.
Оросын Самара мужийн Новокуйбышевск хот мөн дроны халдлагад өртсөн байна. Энэ бүсэд Оросын төрийн өмчит нефтийн компани Роснефть газрын тос боловсруулах үйлдвэр ажиллуулдаг юм.
Европын Холбоо Оросын цэргүүдийг гишүүн орнуудад нэвтрэхийг хориглох, банк, криптовалютын компаниуд болон Оросын газрын тосны орлогыг онилсон нэмэлт хориг арга хэмжээ авахыг зорьж байна.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула вон дер Лейен Украин болон Mолдавийн ЕХ-д элсэх хэлэлцээг дараагийн шатанд шилжүүлэх шийдвэрийг баталгаажуулжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мягмар гарагт Эстони улсад Умард Европ болон Балтын орнуудын удирдагчидтай уулзаж, дронтой тэмцэх хямд өртөгтэй хамгаалалтын систем хөгжүүлэхэд хамтран ажиллахаа амласан.